БНАСАУ-ын тамирчид найман жилийн дараа анх удаа БНСУ-д тэмцээнд оролцохоор Сөүл хотод хүрэлцэн очжээ

Өнгөрөгч ням гарагт БНАСАУ-ын нийслэл Пёньян хотын эмэгтэй хөл бөмбөгийн “Нэгүхян" хэмээх багийн тамирчид азийн Хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтод оролцохоор БНСУ-ын нийслэл Сөүл хотод хүрэлцэн очжээ. Энэ нь Хойд Солонгосын тамирчид найман жилийн дараа анх удаа Өмнөд Солонгосын газар нутагт хөл тавьж байгаа түүхэн үйл явдал болсон байна.
Азийн хөл бөмбөгийн холбооны аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт ирэх лхагва гарагт Сувон хотын цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Олон нийт тоглолтыг ихэд сонирхож байгаа тул худалдаанд гарсан 8000 тасалбар ердөө ганцхан өдрийн дотор бүрэн зарагдаж дуусжээ. 

Ням гарагт Умард Солонгосоос нийт 39 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид БНХАУ-аар дамжин Сөүл хотод ирсэн байна. Тэд ижил загварын хар хүрэм, юбка өмсөж, ягаан өнгийн тээш барьсныг хэвлэлийнхэн шууд дамжуулaн харуулжээ. Тэднийг нисэх буудалд Өмнөд Солонгосын иргэний нийгмийн бүлгүүд угтан авсан бөгөөд хэвлэл мэдээллийнхэн ихээр цугларсан тул цагдаагийн өндөр хамгаалалт дор тусгай автобусаар тээвэрлэн авч явсан байна. 

БНСУ-ын нэгдлийн яамнаас Умард, Өмнөдийнхний солилцооны тухай хуулийн дагуу тамирчдыг тэмцээнд оролцохыг албан ёсоор зөвшөөрсөн бөгөөд тэмцээн дуустал тэд БНСУ-д байрлах эрхтэй юм байна. Хамгийн сүүлд Умард Солонгосын тамирчид 2018 оны Пёнчаны өвлийн олимп болон Чангвонд болсон буудлагын ДАШТ-д оролцохоор Өмнөд Солонгост ирж байжээ. 

Сүүлийн жилүүдэд хоёр солонгосын харилцаа хамгийн доод цэгтээ хүрснээр Умард Солонгос үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан, өөрийн "Гол дайсан"-аар Өмнөд солонгосыг нэрлэсэн юм. Гэвч цаг үеийн нөхцөл байдал тогтворгүй эгзэгтэй энэ үед Умардын тамирчид хөрш бөгөөд цус нэгт ахан дүүс дээрээ ийнхүү зочилж байна. Улс төрийн яриа хэлэлцээ бүрэн зогссон энэ үед биеийн тамир, спорт хоёр улсын хоорондох амьд харилцаа, холбоог хадгалж үлдэх  цорын ганц хэрэгсэл болж байна. Умард Солонгосын эрх баригчид тамирчдаа олон улсын тэмцээнд оролцуулахын тулд Азийн хөлбөмбөгийн холбооны дүрмийг дагаж, өмнөд солонгост тамирчдаа илгээхээс өөр аргагүйд хүрсэн байна.