ОХУ-ын Нийслэл Москва хот дайн эхэлснээс хойших Украины талын хамгийн том дроны цохилтод өртлөө

ОХУ-ын Нийслэл Москва хот бол дэлхийн хамгийн өргөн хүрээг хамарсан, агаарын довтолгооноос хамгаалах олон давхаргат системээр хамгаалагдсан хот юм. Өмнө нь Украины арми ганц нэг дроноор бэлгэ тэмдгийг шинж чанартай цохилт өгч байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд 500 гаруй дрон буюу нисгэгчгүй онгоцыг Москва хот руу хөөргөн довтолсон байна. 

ОХУ-ын батлан хамгаалах яамнаас Украины зэвсэгт хүчин Нийслэл Москва болон хаяа залгах мужууд зэрэг нийт 14 бүс нутагт нэгэн зэрэг 500 гаруй дроноор цохилт өгсөн гэж мэдэгдлээ. Энэхүү шуургалсан дроны халдлагын гол цөм нь Москва хотын төв дэх Кремлийн ордон байжээ. 

Уг халдлагын улмаас Москвагийн олон улсын Шереметьево, Внуково, Домодедово зэрэг томоохон нисэх онгоцны буудлууд агаарын замаа яаралтай хааж, үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоосон байна. Үүний улмаас 300 гаруй нислэг цуцлагдаж, олон мянган зорчигч нисэх буудлуудад түгжигджээ. Зарим дрон болон дроны үлдэгдэл сэг зэм Москва мужийн орон сууцны хорооллууд дээр унасны улмаас 3 оршин суугч амиа алдаж, 15 хүн хүнд, хөнгөн бэртэж гэмтсэн байна. 

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський энэхүү агаарын  түүхэн  довтолгооны дараа "Украины алсын зайн зэвсэг Москвад хүрч, дайны аюулыг мэдрүүлсэн нь  Кремлийн түрэмгийллийн эсрэг бүрэн хууль ёсны, шударга хариу үйлдэл юм" хэмээн мэдэгджээ. Украинчууд Москва дахь газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний сүлжээ болон цэргийн хагас дамжуулагч үйлдвэрлэдэг "Ангстрем" заводыг онилсон байж болзошгүй байна. Энэхүү довтолгооны дараа Украины дроны технологи асар хурдтай хөгжиж, инноваци нь дээд түвшинд хүрснийг шинжээчид онцолжээ.