Өчигдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө

Өчигдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Хотын дарга нөөцийн махны нийлүүлэлт, үнэ тогтворжуулах ажлын хэрэгжилтэд хариуцлагагүй хандаж, зохиомол үнийн хөөрөгдөл үүсэх нөхцөл бүрдүүлсэн гэж үзэн өнгөрсөн бямба гарагт ерөнхий сайд Н.Учрал түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж буйгаа мэдэгдсэн. Үүний дагуу Өчигдөр Х.Нямбаатар суудлаасаа бууж, Б.Мөнхбат хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээр томилогдон, тамгаа хүлээн авчээ.

Үе үеийн хотын дарга нар нийслэлийн түгжрэл, утаа, газрын наймаа, нийтийн тээвэр зэрэг асуудал дээр хамгийн их шүүмжлэл хүлээж ирсэн. Харин энэ удаад нөөцийн махны нийлүүлэлтэд хяналт тавьж чадалгүй үнийн хөөрөгдөл үүссгэсэн гэх шалтгаан Х.Нямбаатарыг огцруулахад хүргэлээ. Харин иргэдийн хувьд өмнөх хотын дарга нартай харьцуулахад Х.Нямбаатар хамгийн хатуу арга хэмжээ авдаг имижтэй улстөрчдийн нэг байсан гэдгийг хэлж байна. Х.Нямбаатарын хувьд зөвшөөрөлгүй барилга буулгах, авто замын шинэчлэл, томоохон төслүүдийг эрчимжүүлэх зэргээр хурдтай ажилласан ч нөгөө талдаа иргэдийн бухимдал дагуулсан шийдвэрүүд ч олон гарсан. Ялангуяа бордюр, түгжрэл, татвар, худалдаачидтай холбоотой асуудлууд дээр шүүмжлэл тасраагүй. 

Харин өмнөх үеийн хотын дарга нарын хувьд өөр өөрийн тамгатай үлдсэн. Тухайлбал, 2012-2016 онд хотын даргын үүргийг гүйцэтгэж байсан Э.Бат-Үүл хотыг дахин төлөвлөлт, замын шинэчлэлээрээ хамгийн их дурсагддаг. Гэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлт олон маргаан дагуулж байсан. 2019-2020 оны хотын дарга С.Амарсайхан утаа, шахмал түлшний асуудлын үед ажиллаж, хамгийн хүнд шүүмжлэлтэй нүүр тулж байсан. Түүнчлэн 2020-2023 оны хотын дарга Д.Сумъяабазар ногоон автобусны хэрэг, түгжрэлийг бууруулна гэж амлаж байсан ч бодит үр дүн бага харагдсан гэх шүүмжлэл дагуулж байсан. 

Угтаа тус асуудал нь нөөцийн махны нийлүүлэлт хангалтгүй байснаас үүдэн зах зээлд зохиомол үнийн хөөргөдөл үүссэн гэх шалтгаанаар ерөнхий сайд Н.Учрал өнгөрөгч 5-р сарын 16-нд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүний дагуу хуульд заасан ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд 5-р сарын 18-ны өдөр Х.Нямбаатар албан тушаалаа хүлээлгэн өгч, дараагийн хотын даргыг томилох хүртэл Б.Мөнхбат Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэхээр боллоо.
Хотын дарга нар солигдсоор ирсэн ч нийслэлийн гол асуудлууд хэвээр үлддэг нь олон нийтийн хамгийн том бухимдал болоод байна. Хотын дарга бүр түгжрэлийг шийднэ, утааг бууруулна, стандартыг мөрдүүлнэ гэж амладаг. Гэвч эцэстээ иргэдийн санаанд үлддэг зүйл нь амлалт биш, өдөр бүрийн түгжрэл, өндөр үнэ, бухимдал хэвээр байдаг нь энэ удаагийн улс төрийн шийдвэрийн цаад үнэн дүр зураг болж байна. Тэгвэл дараагийн хотын даргын томилгоо.