ЗГ-ын ээлжит бус хуралдаанаар нөөцийн махны нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар боллоо

Хотын дарга Х.Нямбаатарыг нөөцийн махны үнэ, нийлүүлэлтийн асуудалд буруутай гэж үзэж албан тушаалаас нь чөлөөлсөн бол засгийн газраас ээлжит бус хуралдаанаар махны үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэн, нөөцийн махны нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар боллоо. Тухайлбал, энэ хавар гарах 20 мянган тонн нөөцийн махнаас үлдсэн махыг 5, 6-р сард багтаан зах зээлд нийлүүлэх, нэг этгээдэд их хэмжээгээр болон давтамжтай худалдаалсан тохиолдлуудыг шалгаж, дутагдсан хэмжээг нөхөн бүрдүүлэхээр болсон байна.  

Засгийн газраас инфляцын нөхцөл байдлын эсрэг авах хариу арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Тогтоолд махны үнийн өсөлттэй холбоотой асуудлыг онцгойлон тусгаж, нөөцийн махны нийлүүлэлт, түгээлтийг нэмэгдүүлэхээр болсон байна. Түүнчлэн өмнөх хугацаанд борлуулагдсан нөөцийн махны нэлээдгүй хувийг И-Баримтгүй худалдаалсан зөрчил илэрсэн мэдээллээ. Мөн нөөцийн мах худалдаалахгүй байсан нь зохион байгуулалттай, санаатайгаар махны үнэд нөлөөлсөн байж болзошгүй байх магадлалтай гэж үзжээ. 

Үүнээс гадна нөөцийн мах худалдаалах хугацааг 15 хоногоор сунгаж, ирэх 7-р сарын 1 хүртэл үргэлжлүүлэхээр болсон байна. Махыг анхны гэрээний үнээр буюу килограммыг нь 13-15 мянган төгрөгөөр худалдаалах юм байна. Мөн нөөцийн махыг нийлүүлэх гэрээтэй 9 аж ахуйн нэгж дээр нийт 1400 орчим тонн мах үлдсэн бөгөөд уг махыг савлаж, дэлгүүрүүдээр дамжуулан зах зээлд яаралтай нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар болоод байна.

Мөн засгийн газраас нөөцийн махыг нэг этгээдэд их хэмжээгээр болон давтамжтай худалдаалсан тохиолдлуудыг шалгаж, дутагдсан хэмжээг нөхөн бүрдүүлэх, цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан хэмжээгээр нөхөн нийлүүлэлт хийх үүргийг холбогдох аж ахуйн нэгжүүдэд өгчээ.