ДЭМБ: Эбола вирусний эсрэг шинэ вакцин гарган авахад 9 сарын хугацаа шаардлагатай

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Бүгд Найрамдах Ардчилсан Конго болон Уганда улсад дэгдээд байгаа Эбола вирусний шинэ төрлийн халдварын нөхцөл байдал туйлын эгзэгтэй шатанд хүрснийг албан ёсоор мэдэгдлээ. Одоогоор халдварын улмаас амиа алдагсдын тоо 139-д хүрээд байна.

Эрдэмтэн судлаачид уг вирусний халдварын хамгийн ховор төрөл болох "Бундибугио" омгийн эсрэг шинэ вакцин гарган авахад багадаа 6-9 сарын хугацаа шаардлагатай байгаа гэж мэдэгджээ.

Өмнө нь олон улсын практикт ашиглаж байсан Эболагийн вакцинууд нь зөвхөн "Заир" омгийн эсрэг үйлчилгээтэй тул одоогийн шинэ вирусний эсрэг дархлаа тогтоох чадваргүй байгаа юм. Вакцин үйлдвэрлэгчид шинэ омгийн эсрэг хоёр төрлийн вакциныг боловсруулж байгаа ч эмнэлгийн бүрэн хэмжээний клиник туршилт дуусаж, зах зээлд нийлүүлэхэд багагүй хугацаа шаардлагатай байна.

Халдварын гол голомт болох Конго улсын зүүн хэсэг дахь алтны уурхайн бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн ихтэй байгаа нь олон улсын шинжилгээний баг, тусламжийн цуваа очиход саад учруулж байна гэж мэдээллээ.

Хэдийгээр ДЭМБ-аас уг халдварыг "Олон улсын хэмжээний онц байдал" болгон зарласан ч дэлхий даяар тархах эрсдэл бага болохыг уламжилжээ. Уг халдварын дэгдэлттэй тэмцэхэд АНУ-ын засаг захиргаанаас 23 сая ам.доллар, Их Британи улсаас 20 сая фунт стерлингийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.