Ирэх долоо хоногийн эхээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-д албан ёсны төрийн айлчлал хийхээр бэлтгэж байна гэж Ёнхап агентлаг мэдээллээ. Саяхан Хятад улсын аюулгүй байдал болон протоколын баг Пёньян хотод очиж, айлчлалын бэлтгэлийг газар дээр нь шалгасан байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин сүүлийн 7 жилийн хугацаанд анх удаа Умард Солонгост төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжинд уулзсан бөгөөд Пёньянд очихдоо Д.Трамп болон Ким Жон Ун нарын харилцааны сувгийг нээх, удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг товлох зэрэг асуудлыг хэлэлцэх өндөр магадлалтай байна.
Дээд түвшний уулзалтаар Ши Жиньпин, Ким Жон Жн нар Япон улсын Батлан хамгаалах салбарын хүчирхэгжилтийн эсрэг хамтарсан геополитикийн байр сууриа бататгах зорилготой байна. БНХАУ болон БНАСАУ-ын эдийн засгийн харилцаа Ковид-19 цар тахлын үеийн уналтаас бүрэн гарч, 2019 оны өмнөх үедээ очсон байна.
Хоёр улсын худалдааны эргэлт 2025 оны бүтэн жилийн дүнгээр 25 хувиар өсөж, 2.73 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс Хятадын экспорт 2.29 тэрбум ам.доллар, Хойд Солонгосоос Хятад руу хийсэн импорт 440 сая ам.доллар байжээ. Хоёр улсын хилийн худалдаа улам идэвхжиж, 2026 оны 1, 2-р сард Хятадын Хойд Солонгос руу хийсэн экспорт 19 хувиар өссөн байна.
Украины дайн эхэлснээс хойш Пёньян, Москва хоёрын цэргийн түншлэл гүнзгийрч, Хойд Солонгос Оросоос пуужингийн технологи авах болсон нь Бээжингийн бүс нутаг дахь геополитикийн ашиг сонирхолд тодорхой хэмжээний болгоомжлол үүсгэсэн юм. Иймд БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ айлчлалаар хоёр улсын түүхэн худалдаа, эдийн засгийн давуу талыг ашиглан Пёньянд үзүүлэх Бээжингийн нөлөөг бататгах, бүс нутгийн хүчний тэнцвэрийг хадгалахыг зорьж байна.