Өнөөдөр манай улсын иргэн бүр банкны карт, аппликейшний зээл, виртуал хөрөнгө зэргээр санхүүгийн үйлчилгээг авч байна. Гэвч зээлийн дарамт, шимтгэл тодорхойгүй зэргээс шалтгаалан маргаан үүсвэл хэрэглэгч асуудлыг дангаараа үүрдэг тогтолцоо манай улсад хэрэгждэг. Тэгвэл эдгээр маргааныг шийдвэрлэх "Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай" анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Таван намын 19 гишүүн хамтран боловсруулсан тус хууль батлагдсанаар банк, ББСБ болон койн гаргагчдын үйл ажиллагаанд иргэдийн эрх ашгийг хамгаалсан тодорхой заалтууд тусгагдахаар болж байна.
-
Манай улсын 10 өрх тутмын 7 нь зээлийн дарамтад оржээ. Зээлтэй өрхүүд сард дунджаар 1.3 сая төгрөгийг зөвхөн зээлийн төлбөрт өгч байгаа бөгөөд нэг өрхийн дундаж зээлийн хэмжээ 20 гаруй сая төгрөгт хүрсэн нь иргэдийн зарлага орлогоосоо давж, зээлээс зээлийн хооронд амьдарч байгааг илтгэж байна.
-
Тэгвэл 2025 оны байдлаар улсын хэмжээнд 570 гаруй ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн 511 нь тусгай зөвшөөрөлтэйгөөр иргэдэд зээл олгож байна. Хамгийн аюултай нь, санхүүгийн салбарын нийт харилцагчийн тоо буурсан боловч зээлдэгчдийн тоо 2.8 сая хүртэл өсөж, ганцхан жилийн дотор буюу өмнөх оноос 42 хувиар огцом нэмэгджээ.
-
Банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас нэгэн зэрэг давхар зээл авсан иргэдийн тоо 540 мянгад хүрсэн байна. Энэ нь өмнөх 2024 онтой харьцуулахад 21 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд иргэд нэг зээлээ нөгөө зээлээрээ хаах буюу санхүүгийн эрсдэлтэй алхам хийж байгааг тус тоо илтгэж байгаа юм.
-
Давхар зээлтэй иргэдийн банкуудад төлөх ёстой зээлийн үлдэгдэл 13 орчим их наяд төгрөг, харин ББСБ болон бусад санхүүгийн байгууллагуудад төлөх үлдэгдэл нь 5 их наяд төгрөгт хүрчээ. Зөвхөн энэ тоон үзүүлэлт иргэдийн нуруун дээр ирж буй санхүүгийн дарамт ямар хэмжээнд хүрснийг батлан харуулж байна. Тиймээс Э.Болормаа тэргүүтэй УИХ-ын 19 гишүүний боловсруулсан "Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай" анхдагч хууль нь шударга зээлийн нөхцөлийг бүрдүүлж, иргэдийг хамгаална гэдгийг мэдэгджээ.
Санхүүтэй холбоотой маргаанаар жил бүр 47 мянга орчим иргэн шүүхэд ханддаг байна. Үүний гол шалтгаан нь санхүү, эдийн засгийн харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас иргэд зээл, санхүүгийн үйлчилгээтэй холбоотойгоор хохирох тохиолдол түгээмэл байгаа юм. Иймээс УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын 19 гишүүн хамтран “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барилаа. Судалгаагаар банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас нэгэн зэрэг давхар зээл авсан иргэдийн тоо 540 мянгад хүрсэн байна. Түүнчлэн нэгэн зэрэг 12 аппликейшний зээлтэй иргэн байгаа нь тогтоогдсон бөгөөд нийтлэг байдлаар тухайн иргэд нэг зээлийг нөгөө зээлээр хааж байна гэлээ.
Хуулийн төслийг боловсруулах судалгаа, шинжилгээнд Азийн хөгжлийн банк, Монголбанк зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцсон байна. Тус хуулийн төсөл нь зээл, санхүүгийн үйлчилгээтэй холбоотойгоор хохирсон иргэдийн эрхийг хамгаалахад чиглэжээ. Тухайлбал, зээлийн хүүг буруу тооцох, хүүг урьдчилан суутгах, зээлийн эргэн төлөлт шаардахдаа иргэний нэр төрд халдах зэрэг асуудлыг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан байна.
Мөн нийт зээлдэгчдийн 70 орчим хувь нь зээлийн гэрээний нөхцөлөө бүрэн ойлголгүй, банкны ажилтны тайлбарт тулгуурлан гэрээнд гарын үсэг зурдаг гэх судалгаа гарчээ. Үүнээс үүдэн мэдээллийн тэгш бус байдал бий болж, иргэд буруу шийдвэр гарган зээл авах эрсдэл нэмэгддэг байна. Тиймээс иргэн хангалттай мэдээлэлгүйгээр зээл авсан нь тогтоогдвол тодорхой нөхцөлд зээлээс татгалзах, буцаах боломжийг хуулийн төслөөр бүрдүүлэхээр тусгажээ.