Цахим орчинд хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Тухайлбал хүүхдийн мөнгийг халамжаас хасна гэх мэдээллийг иргэд шүүмжилж байна. Тэгвэл хүүхдийн мөнгийг зөвхөн халамжийн зардлын ангиллаас хасаж, өөр сангаас олгогдох зохицуулалт хийгдэх юм байна. Цаашлаад энэ сарын хүүхдийн мөнгө өчигдрөөс олгогдож эхэлсэн бөгөөд 1.2 сая гаруй шилжүүлэг хийгдэж байгаа тул ачаалал гарч байгаа гэдгийг холбогдох албаныхан тайлбарлалаа.
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг засгийн газрын хуралдаан хэлэлцэн, дэмжсэн. Улмаар эдгээр хуулийн төслийг УИХ-д өргөн барих боломж бий болж байгааг салбарын сайд мэдээлж, зарим заалтыг танилцуулсан юм. Тухайлбал нийгмийн халамжийн зардлын ангилалд өөрчлөлт оруулж, зорилтот бүлэгт чиглүүлнэ гэдгийг хэлж байсан. Үүнтэй зэрэгцэн журмын дагуу сар бүрийн 20-ны өдөр олгогдох ёстой хүүхдийн мөнгөний асуудал цахим орчинд яригдаж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд өдөр хэтэрсэн тохиолдол гараагүй бөгөөд энэ сарын хүүхдийн мөнгө өнөөдрөөс олгогдож эхэлсэн байна. Ингэхдээ 1.2 сая гаруй хүүхдэд олгогдох тул ачаалал гарч байгаа гэдгийг албаныхан тайлбарлалаа.
Цаашлаад нийгмийн халамжийн зардлаас хүүхдийн мөнгийг хасна гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулаад байгаа. Тэгвэл хүүхдийн мөнгөнөөс нэг ч хүүхэд, нэг ч төгрөг хасагдахгүй бөгөөд цаашид халамжийн зардлаас бус өөр сангаас олгогдох зохицуулалт хийгдэх юм.
Манай улсын хувьд сар бүр 1 сая 270 мянгаас 1 сая 280 мянга гаруй хүүхдэд хүүхдийн мөнгө олгодог. Ингэхдээ хүсэлт, нөхөн олголт, байцаагчийн шалгалт зэрэг тохиолдол гардаг тул зарим сард тоо нэмэгддэг байна. Түүнчлэн хүүхдийн мөнгөнөөс бусад нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хэвийн явагдаж байгаа гэдгийг албаныхан хэлж байсан юм.