Өнгөрсөн 7 хоногт Майкрософт компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс АНУ-ын төлөөлөгчдийн танхимын хяналтын хороонд дуудагдан хаалттай хаалганы цаана мэдүүлэг өгчээ. Түүнээс бэлгийн хүчирхийллийн хэргээр ял авч, шороонд хоригдож байхдаа нас барсан Жеффри Эпстийнтэй холбоотой асуудлаар мэдүүлэг авсан байна.
Энэ оны эхээр АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон 3 сая гаруй хуудас нууц баримтад Билл Гейтсийн нэр олон зуун удаа дурдагдсан тул түүнийг дуудаж мэдүүлэг авсан байна.
Мэдүүлгийн явцад хамгийн их анхаарал татсан сэдэв нь сүрдүүлэг, дарамт шахалтын асуудал байжээ. Учир нь Эпстийний хувийн баримтууд дундаас Билл Гейтсийн гэр бүлээс гадуурх харилцааны тухай нууц мэдээллүүд илэрсэн байна. 2014 онд Билл Гейтс Жеффри Эпстийний нөлөөг ашиглан сайн үйлсийн сандаа хандив босгох гэж оролдсон ч бүх зүйл тодорхой бус байсан тул харилцаагаа тасалж байжээ. Харин үүний дараа Эпстийн Билл Гейтсийн нууц амрагийн мэдээллийг ашиглан, тэрбумтныг дарамталж, харилцаагаа дахин сэргээхийг шаардаж байсан нь мэдүүлгээр тогтоогдсон байна.
Өмнө нь Билл Гейтс Жеффри Эпстийнтэй холбоо тогтоосон явдал нь амьдралдаа гаргасан хамгийн том алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, гэр бүл болон хамтран ажиллагсдаасаа уучлалт гуйсан юм. Тэрээр бэлгийн гэмт хэрэгтний хууль бус үйлдлүүдэд хэзээ ч оролцож байгаагүй, түүний арал дээр очиж байгаагүй гэдгээ ч удаа дараа мэдэгдсээр байгаа юм. Түүнчлэн, конгрессын гишүүд Билл Гейтсийг мэдүүлэг өгөхдөө маш сайн хамтран ажиллаж, бусад нөлөө бүхий хүмүүсийн талаар чухал мэдээлэл өгснийг ихэд сайшаажээ.