АНУ, Ираны эрх баригчид ирэх баасан гарагт дайн зогсоох хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурна

Өнгөрөгч ням гарагт АНУ болон Исламын бүгд найрамдах Иран улсын эрх баригчид дөрвөн сар орчим үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг эцэслэх суурь тохиролцоонд хүрснээ мэдэгдлээ. Талууд ирэх баасан гарагт буюу 6-р сарын 19-ний өдөр Швейцар улсад уулзаж, дайны гал зогсоох баримт бичигт гарын үсэг зурахаар болсон байна.

Уг урьдчилсан тохиролцооны дагуу байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож, АНУ-аас Иранд тавиад байсан тэнгисийн цэргийн бүслэлтийг цуцлан, стратегийн өндөр ач холбогдолтой ормузын хоолойг нэн даруй нээхээр болжээ. Талууд ийнхүү түүхэн тохиролцоонд хүрсэн даруйд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом буурч эхэлсэн нь сайшаалтай ч Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлыг дараагийн шатны нарийвчилсан хэлэлцээрт үлдээсэн байна.

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “баасан гарагт гэрээнд гарын үсэг зурснаар мина устгах ажиллагаа эхэлж, Ормузын хоолой дахин нээгдэнэ. Бүс нутаг болон дэлхий дахинд газрын тос ямар нэгэн татвар, хураамжгүйгээр дахин чөлөөтэй урсах болно" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ. Гэхдээ тэрээр Иран улс ирэх 60 хоногийн хугацаанд цөмийн хөтөлбөрөө бүрмөсөн зогсоох эцсийн тохиролцоонд хүрэхгүй бол байлдааны ажиллагааг дахин эхлүүлэхэд бэлэн гэдгээ анхааруулсан байна.
Тэгвэл Иран улсын гадаад хэргийн яамнаас Ливан дахь Израилын цэргийн ажиллагааг зогсоож, АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлт цуцлах тохиролцоонд хүрснийг мөн баталлаа. Иран улс АНУ-д царцаагдсан байгаа өөрийн 24 тэрбум ам.долларын хөрөнгийг чөлөөлж, Техраныг онилсон барууны хориг арга хэмжээг бүрэн цуцлахаас нааш цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд ирэх 60 хоногийн хугацаанд эцсийн хэлэлцээр байгуулах боломжгүй гэдгийг анхааруулжээ. Хэдийгээр Ираны засгийн газар энх тайвны гэрээг зөвшөөрсөн ч АНУ-д бүрэн итгэхгүй байгаа тул зэвсэгт хүчнийхээ бэлэн байдлыг сулруулахгүй, "хуруугаа үргэлж гохон дээр бэлэн байлгах болно" гэж мэдэгдсэн байна. 

Одоогоор талууд дайны гал зогсоох урьдчилсан суурь тохиролцоонд хүрээд байгаа бөгөөд ирэх баасан гарагт Швейцарь улсад талууд гарын үсэг зурснаар уг гэрээ албажих юм. Үүний дараа хамгийн ээдрээтэй асуудал болох Ираны цөмийн хөтөлбөрийг бүрмөсөн зогсоох тухай хэлэлцээ ирэх  60 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна.