Их Британийн BBC агентлаг болон ОХУ-ын хараат бус хэвлэл мэдээллийн Mediazone компани хамтран дайн эхэлснээс хойш амь үрэгдсэн орос цэргүүдийн мэдээллийг нэг бүрчлэн цуглуулж байгаа юм байна. Дайн эхэлснээс хойш ОХУ-ын армийн 220 мянга гаруй алба хаагч амь үрэгдсэн ч бодит тоо үүнээс их гэж тэд үзэж байна.
Оросын хот тосгодын захиргааны мэдэгдэл, ар гэрийнхний сошиал медиа постыг шүүхээс гадна 70 гаруй бүс нутгийн оршуулгын газруудад шинээр нэмэгдсэн булш зэргийг бүртгэснээр дайнд амь үрэгдэгсдийн тоог баталгаажуулж чадсанаа BBC агентлагаас мэдээлжээ. 2026 оны 6-р сарын байдлаар яг хэн гэдэг цэрэг, хаана амиа алдсан нь нэр усаараа 100 хувь хөдөлшгүй баримтаар нотлогдсоноор 220 мянга гаруй алба хаагч амь үрэгдсэнийг тогтоосон байна.
Судлаачдын тогтоосноор оросын мэргэжлийн болон байнгын армийн цэргүүд гэхээс илүүтэйгээр Вагнер хөлсний бүлэг болон ОХУ-ын батлан хамгаалах яамны шоронгоос элсүүлсэн хоригдлууд фронтын тэргүүн эгнээнд "амьд бай" болох тактикаар дайралтад орж, олноороо үрэгджээ.
Мөн өндөр цалин, урамшуулал амлан богино хугацааны гэрээгээр фронт руу явсан иргэд , үүн дотроо цэргийн бэлтгэл сул, дунд болон ахимаг насны эрчүүд олноороо амь үрэгдсэн байна. Дайны эхний шатанд оросын десант, тэнгисийн явган цэрэг, тусгай хүчний хамгийн шилдэг офицер, алба хаагчид амиа алдсан тул өдгөө Кремлийн батлан хамгаалахын чадавх бүрэн суларсан гэж шинжээчид үзэж байна.
Судлаачид, сэтгүүлчдийн баталсан 220 мянга гэдэг тоо бол зөвхөн "булш нь олдсон эсвэл ил зарлагдсан" хэсэг юм. Харин АНУ-ын тагнуулын төв газар болон Их Британийн тагнуулын албаны тооцооллоор оросын амь үрэгдсэн цэргийн бодит тоо хэдийн 500 мянга давсан байж болзошгүй байна.
Барууны тагнуулын байгууллагууд оросын төрийн өв залгамжлалын нээлттэй санг математик аргаар шинжилдэг байна. Энэ дүн шинжилгээгээр дайн эхэлснээс хойш ОХУ-д 20-50 хүртэлх насны эрэгтэйчүүдийн дундах өв залгамжлалын хэрэг хэвийн хэмжээнээс хэдэн зуун мянгаар огцом өссөн нь үхлийн бодит цар хүрээг харуулж байгаа ажээ.
Үүнээс гадна барууны тагнуулын байгууллагууд сансраас оросын газар нутаг дахь бүх оршуулгын газрын талбайн тэлэлтийг хэмждэг төдийгүй фронт дахь оросын цэргийн ангиудын дотоод радио яриа, цогцос тээвэрлэх логистикийн мэдээллийг нууцаар шүүж, тооцооллоо үйлддэг байна.