Сүүлийн таван жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд гол усны ослын улмаас нийт 105 иргэн амиа алджээ

Сүүлийн таван жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд гол, усны ослын улмаас нийт 105 иргэн амь насаа алджээ. Гол усны ослоор амь насаа алдах гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орох, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, мөн зориулалтын бус хөвөгч хэрэгсэл ашиглан гол, усанд орох зэрэгтэй холбоотой юм. Иймд иргэдийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн онцгой байдлын газраас улсын хэмжээнд өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл “бүү бас” нөлөөллийн аяныг зохион байгуулж эхэллээ.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн газрын мэдээлснээр энэ зун олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хур тунадас ахиу орох магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ. Үүний улмаас гол, мөрний усны түвшин нэмэгдэх хандлагатай байгаа юм. Сүүлийн таван жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд гол, усны осолтой холбоотой 427 удаагийн дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллан 378 иргэний амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, үүнээс 60 иргэнийг усны ослоос аварсан байна. Гэсэн хэдий ч усны ослын улмаас нийт 105 иргэн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэний 83 нь насанд хүрэгчид, 22 нь хүүхэд байжээ. Иймд нийслэлийн нутаг дэвсгэр дэх хэрлэн, тэрэлж, туул, сэлбэ гол болон голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн цагдаагийн удирдах газрын хамтарсан бүрэлдэхүүн завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулж эхэлжээ

Иргэд усны осолд өртөж, амь насаа алдах гол шалтгаан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орох, стандартын шаардлага хангаагүй завь, хийлдэг гудас зэрэг хөвөгч хэрэгсэл ашиглах, мөн хүүхдийг гол, усны эрэг орчимд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүйгээр тоглуулахтай холбоотой байна. Түүнчлэн усны гүн, урсгалын хүчийг буруу тооцоолох, зориулалтын бус газарт сэлэх, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн эрсдэлтэй үйлдэл гаргах зэрэг нь усны осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Иймд иргэд гол, усанд амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, баталгаатай, стандартын шаардлага хангасан хөвөгч хэрэгсэл ашиглахыг онцгойлон анхааруулж байна.

Мөн Монгол улсын ерөнхий сайдын санаачилсан “за бол заавал хий” хүүхдийн төлөө үндэсний хөтөлбөрийн хүрээнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “бүү бас” нөлөөллийн аяныг онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд эхлүүлээд байна. Тус аяныг 21 аймаг, 330 сум, нийслэл болон есөн дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэн ажиллаж байгаа юм.