Нийслэлийн хэмжээнд 63 хорооны нийт 105 байршилд борооны ус ихээр тогтдог байна

Өчигдрөөс эхлэн ойрын өдрүүдэд нийслэл хотод ахиу хэмжээний хур бороо орох төлөвтэй байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээлээд байна. Бороо орж эхлэхтэй зэрэгцэн нийслэл хотын ус зайлуулах шугам хоолойн асуудал мөн хөндөгдөж эхэлж байна. Энэ жил ус зайлуулах шугам хоолойн ажлын гүйцэтгэл нийслэлийн хэмжээнд 77 хувьтай гэж байгаа ч үр дүн нь хангалтгүй байна гэж иргэд шүүмжилж байна.

2023 оны үерийн үеэр 128 мянга гаруй хүн өртөж, 20 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж байв. Тухайн үерийн улмаас 54 байшин, 15 гэр нурж, 141 орон сууцны барилгын зоорины давхар усанд автан хийцэд нь гэмтэл учирчээ. Мөн 500 гаруй автомашин эвдэрсэн бөгөөд нийт хохирлыг 50.2 тэрбум төгрөгөөр тооцсон байна. Жил бүрийн зун, намрын улиралд давтагддаг энэхүү нөхцөл байдал нь нийслэлийн инженерийн дэд бүтцийн чадавх ямар түвшинд байгааг харуулж байгаа юм. Иргэдийн хувьд бороо орох нь байгалийн үзэгдэл боловч бороо бүрийн дараа хотын олон хэсэг усанд автдаг нь ус зайлуулах шугам, сүлжээний ажил хангалтгүй байгааг илтгэж байна гэж үзэж байна. Явган хүний зам усанд автаж, авто зам дээр ус тогтон хөдөлгөөн саатаж буй нь хот төлөвлөлт болон борооны ус зайлуулах системийг цаашид илүү үр дүнтэй, цогц байдлаар сайжруулах шаардлагатай байгааг онцолж байна.

Нийслэлийн хэмжээнд 63 хорооны нийт 105 байршилд борооны ус ихээр тогтдог гэсэн судалгаа гарчээ. Эдгээр байршилд геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд нийт 19 байршилд борооны ус зайлуулах шугам хоолойн ажил хийхээр төлөвлөснөөс 11 байршлын ажлыг бүрэн дуусгаж, үлдсэн ажлууд дунджаар 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг мэдээллээ. Мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад нийслэлийн төв замуудын ус зайлуулах шугам хоолойн хүчин чадал сайжирснаар ус тогтох асуудал тодорхой хэмжээнд шийдэгдсэн гэдгийг онцолж байна.

Нийслэл хот жилээс жилд өргөжин тэлж, автомашины тоо болон хүн амын нягтаршил нэмэгдэж байгаа энэ үед борооны ус зайлуулах системийг хэсэгчилсэн бус, цогц байдлаар шийдвэрлэх шаардлага тулгараад удаж байна. Эс бөгөөс бороо орох бүрд иргэд ус туулж, замын хөдөлгөөн саатаж, хотын хэвийн үйл ажиллагаа доголддог байдал үргэлжилсээр байх нь тодорхой байна. Харин өнөөдрөөс эхлэн дөрвөн өдрийн үргэлжилсэн бороо Улаанбаатар хотын хувьд зөвхөн байгалийн үзэгдэл бус, харин борооны ус зайлуулах шугам хоолойн чанар, инженерийн шийдэл, хүчин чадал хангалттай түвшинд хүрсэн эсэхийг шалгах бодит сорилт болж байна.