Дэлхийн санхүүгийн зах зээлийн хувьд хамгийн чухал өчигдөр тохиолоо. Учир нь АНУ-ын Төв банк буюу холбооны нөөцийн сангийн шинэ тэргүүн Кевин Уорш албан тушаалаа авснаасаа хойших анхны бодлогын хурлаа даргалж байгаа бөгөөд дэлхийн тэргүүлэх эдийн засгийн бодлогын хүүгийн өөрчлөлт олны анхаарлын төвд байна.
Хэдийгээр шинжээчид холбооны нөөцийн сангийн шинэ тэргүүнийг бодлогын хүүгийн түвшнийг одоо байгаа 3.5-3.75 хувийн интервалд хэвээр үлдээнэ гэж таамаглаж байгаа ч, Цагаан ордноос, тэр дундаа Ерөнхийлөгч Д.Трампаас ирж буй шахалт, дээр нь инфляцын асуудал түүнийг амаргүй сонголтын өмнө авч ирээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийнх нь үгэнд орж хүүг огцом бууруулах хүн хэмээн Кевин Уоршийг өнгөрсөн 5-р сарын 22-нд ХНС-ийн тэргүүнээр томилсон юм. Гэвч Ираны дайнаас үүдэлтэйгээр түлш, эрчим хүчний үнийн өсөлтийн шок нь АНУ-ын инфляцыг 3.8 хувь буюу төв банкны зорилтот 2 хувиас хоёр дахин өндөр түвшинд хүргэжээ. Д.Трамп зээлийн хүүг бууруулж эдийн засгийн өсөлтийг дэмжихийг Төв банкнаасаа шаардаж байгаа. Харин Уолл Стритийн хөрөнгө оруулагчид эсрэгээрээ инфляцыг бууруулахын тулд ХНС-г хүүгээ өсгөх ёстой гэж үзэж, бондын өгөөжийг хөдөлгөж эхэлсэн юм
Кевин Уоршийн хийх хамгийн том өөрчлөлт нь хүүгийн түвшин биш, харин ХНС-ийн дотоод "Гал тогоо" буюу мэдээллийн стратеги байх болно гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын Төв банкны өмнөх тэргүүн Жером Пауэлл хэтэрхий нээлттэй байж, ирээдүйн алхмаа байнга тайлбарладаг байсныг Кевин Уорш шүүмжилдэг юм. Мөн тэрээр санхүүгийн зах зээлийг тогтворгүйжүүлдэг гэж үздэг алдарт "Dot-Plot" буюу ХНС-ийн гишүүдийн хүүгийн төсөөллийн графикийг ирээдүйд бүрмөсөн устгах эсвэл шинэчлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ.