Их Британи 16-аас доош насны хүүхдийн цахим хэрэглээг албан ёсоор хориглолоо

Даваа гарагт Их Британий эрх баригчид 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг бүрэн хориглох түүхэн шийдвэр гаргалаа. Тус улсын Ерөнхий сайд Кеир Стармер уг хууль нь хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалж, "Хүүхэд насыг нь эргүүлэн өгөх" зорилготой хэмээн мэдэгдлээ.

Шинэ хуулийн дагуу  Tiktok, Instagram, Youtube, Snapchat зэрэг томоохон платформуудыг өсвөр насныхан ашиглах эрхгүй болж байна. Австрали улсад хэрэгжиж байгаа хууль эрх зүйн загвар дээр суурилсан уг хууль нь илүү хатуу заалтуудыг тусгажээ. Тухайлбал, 16-аас доош насныхан сошиалд шууд дамжуулалт буюу лайв хийх, онлайн тоглоомын платформ дээр үл таних насанд хүрэгчидтэй харилцахыг бүрэн хязгаарлахаар болжээ. Харин хувийн харилцааны whatsapp болон сургалтын аппликейшнүүдийг хоригоос чөлөөлсөн байна.

Мөн уг хуулийг зөрчсөн тохиолдолд хүүхэд эсвэл эцэг эхэд нь биш, сошиал медиа компаниудад сая сая долларын өндөр торгууль ногдуулахаар заажээ. Их Британийн Засгийн газрын санаачилгыг тус улсын эцэг эхчүүдийн 90 хувь нь дэмжсэн тухай судалгааны үр дүнг танилцуулсан байна. Харин Meta, Youtube зэрэг технологийн салбарынхан "Энэ хориг нь хүүхдүүдийг илүү аюултай, хяналтгүй нууц аппликейшн рүү түлхэнэ" хэмээн мэдэгджээ.