“Сэлбэ дэд төв” төслийг гүйцэтгэгч ААН-үүдийн санхүүжилтийг сүүлийн 2 сард олгоогүй тул үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй болжээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийг шалгах ерөнхий хяналтын сонсголоор нийслэлийн төсвийн зарцуулалтын дийлэнх хувийг эзэлж буй мега төслүүд болох Сэлбэ дэд төв болон Туулын хурдны замын төслийн танилцуулга, шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцлээ.

  • Нийслэлийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2024 онд 1.81 их наяд төгрөг байсан бол 2026 онд 4.66 их наяд төгрөгт хүрэхээр төлөвлөгдсөн нь үнэт цаас болон зээлийн эх үүсвэрт тулгуурласан томоохон төслүүд нэмэгдсэнтэй холбоотой гэж албаныхан тайлбарлаж байна.
  • Гэвч шинжээчдийн дүгнэлтээр нийслэлийн хэрэгжүүлж буй 16 мега төслийн нийт төсөвт өртөг 28.9 их наяд төгрөг боловч өнөөдрийн байдлаар ердөө 1.4 их наяд төгрөг буюу 5 хувийн санхүүжилт хийгджээ. Харин 2026 онд нийт өртгийн 22.3 хувийг зарцуулахаар төлөвлөсөн ч бодит гүйцэтгэл дөнгөж 0.8 хувьтай байгаа нь төслүүдийн бэлтгэл, санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдээгүйг харуулж байна.
  • Тэгвэл нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр өртөгтэй төслүүдийн нэг болох “Туулын хурдны зам” төслийн төсөв анх 900 гаруй тэрбум төгрөгөөр яригдаж байсан ч 1.9 их наяд, улмаар 2.4 их наяд төгрөг хүртэл нэмэгдсэн. Үүнээс 2025 онд 401 тэрбум, 2026 онд 99 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанийн урьдчилгаа төлбөрийн баталгаа болгон олгож, 7.8 тэрбум төгрөгийн зарцуулалт хийгджээ.
  • Түүнчлэн “Сэлбэ дэд төв”-ийн төслийг ойролцоогоор 1.5-1.6 их наяд төгрөг гэж анх тооцоолсон ч төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хоёр удаа боловсруулсан бөгөөд газар чөлөөлөлтийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хүрээнд 2206 айлын хашаа, байшинг чөлөөлж, үүнд нийслэлийн төсвөөс 405 тэрбум төгрөг зарцуулжээ. Ингэснээр нэг өрхийн газрыг дунджаар 183.6 сая төгрөгөөр үнэлжээ.

2025 оны тодотголоор Туулын хурдны зам төслийн төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг, тухайн жилдээ санхүүжих дүнг 800 тэрбум төгрөг байхаар баталсан. Үүнээс уг төслийн хүрээнд 2025 онд 401 тэрбум төгрөг, 2026 онд үлдэгдэл 99 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанийн урьдчилгаа төлбөрийн баталгаа болгон олгожээ. Мөн үүнээс гадна 7.8 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хийсэн байна. Тэгвэл аудитын эцсийн дүгнэлтийг 6-р сарын 30-нд УИХ-д хүргүүлэх бөгөөд төсөлтэй холбоотой хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмжийг үндэсний аудитын газраас гаргаад байна. Ерөнхийдөө уг төсөлд нийт 500 тэрбум, бусад зардалд 7.2 тэрбум, газар чөлөөлөлтөд 2.4 тэрбум төгрөг гаргажээ.

Тэгвэл нийслэлийн хамгийн том бүтээн байгуулалтын нэгээр нэрлэгдэж буй "Сэлбэ 20 минутын хот" төсөл санхүүжилтийн хувьд эргэлзээ дагуулсаар байна. Төслийг хэрэгжүүлэхээр нийслэл 500 сая ам.долларын бонд босгож, тухайн үеийн ханшаар 1.72 их наяд төгрөг төвлөрүүлсэн ч зөвхөн орон сууцын барилга угсралтын гэрээний дүн 1.86 их наяд төгрөгт хүрчээ.

Өөрөөр хэлбэл бондын хөрөнгө дангаараа хүрэлцэхгүй болж, барилга угсралтыг дуусгахад нийслэлийн төсвөөс дахин 133.7 тэрбум төгрөг гаргах шаардлага үүссэн байна. Үүгээр зогсохгүй гадна инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, тохижилт, ТЭЗҮ, газар шорооны ажилд нэмэлтээр 388 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бол газар чөлөөлөлтөд одоогоор 408 тэрбум төгрөг зарцуулжээ.

Ингэснээр нийслэлийн төсвөөс гарсан болон цаашид гарах шууд зардал нийтдээ 929 тэрбум төгрөгт хүрэх тооцоо гарч байна. Гэвч төслийг гүйцэтгэгч аан-үүдийн санхүүжилтийг сүүлийн 2 сарын хугацаанд өгөөгүйн улмаас тухайн аан-үүд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болжээ.

Мөн сэлбэ дэд төвийн санхүүжилтийн 500 сая ам.долларын бондын үндсэн төлбөрийг барагдуулах хугацаа 2027 оны 8-р сард дуусах ч орон сууцын ашиглалт 2027 оны сүүлээс эхлэхээр байгаа нь борлуулалтын орлогоор бондоо төлөх боломжийг хязгаарлаж байна. Үүний улмаас нийслэл бондыг дахин санхүүжүүлж, хугацааг сунгах хэлэлцээг эхлүүлээд байгаа аж. Төслийн орон сууцын 1 метр кв босох өртөг 3.47 сая төгрөг байгаа бөгөөд нийслэлийн төсвөөс гарсан нэмэлт зардлыг нөхөхийн тулд хамгийн багадаа 4.8 сая төгрөгөөр борлуулах шаардлагатай болжээ. Энэ нь хувийн хэвшлийн ижил төрлийн төслийн өртгөөс ойролцоогоор 30 хувиар өндөр байгаа нь төслийн үр ашиг, төсөвлөлтийн оновчтой байдалд асуултын тэмдэг хэвээр үлдээж байна.