Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлттэй, зэрэгцэн хоол хүнсний үйлдвэрлэлийн хөгжил хувьсан өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад үйлдвэрийн аргаар гарган авсан транс тосны хэрэглээ ч нэмэгдэх хандлагатай болжээ. Транс тос нь зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг олон улсын судалгаанууд тогтоосон байдаг. Гэвч манай улсад транс тосны импорт, үйлдвэрлэл, хэрэглээнд хяналт тавих тусгайлсан хууль эрх зүйн орчин хангалтгүй хэвээр байна. Иймээс иргэн Амарсанаа транс тосны хэрэглээ, импорт, үйлдвэрлэлд хяналт тавих тусгайлсан хууль эрх зүйн орчин бүрдүүлэх саналыг улсын их хуралд өргөн барихаар d-petition цахим хуудсаар дамжуулан иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ.
Дэлхийн дээр ойролцоогоор 40 гаруй улс үйлдвэрийн аргаар гарган авсан транс тосыг хязгаарлах эсвэл хориглох хууль эрхзүйн орчинтой байдаг. Харин манай улсад тусгайлсан хууль эрхзүйн орчин дутмаг хэвээр байна. Транс тосны хяналтын тухай хуулийн төсөл нь хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны агууламжид хяналт тавих, бүтээгдэхүүний шошгололтыг сайжруулах, импорт болон хэрэглээний зохицуулалтыг боловсронгуй болгох, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой юм. Мөн энэхүү хуулийн төсөл хэрэгжсэнээр транс тосны хэрэглээг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, зүрх судасны болон халдварт бус өвчний эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж санаачлагч үзэж байна.
Үйлдвэрийн транс тос нь зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин болон бусад халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь олон улсын судалгаагаар тогтоогдсон байна. Иймээс иргэдийг өвчилсний дараа эмчлэхээс илүүтэйгээр өвчлөхөөс нь урьдчилан сэргийлэх, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хүчин зүйлсэд хяналт тавих нь чухал гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.
Өнөөдрийн байдлаар уг санаачилгыг дэмжсэн 7 мянга гаруй иргэний гарын үсэг цуглараад байна. Хуульд зааснаар цахим өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд улсын их хурал албан ёсоор хэлэлцэх боломж бүрдэх юм.
Түүнчлэн иргэдийн санаачилсан хуулийн төслийг улсын их хуралд өргөн барихад шаардагддаг 100 мянган гарын үсгийн босго хэт өндөр байгааг онцолж байна. Мөн гарын үсэг зурах үйл явц хэт олон шат дамжлага дамждаг нь иргэдийн идэвхийг бууруулж, дэмжлэг үзүүлэх боломжийг хүндрүүлж байгааг хэлж байна. Иймээс иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, цахим өргөдлийн системийг хялбаршуулах чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Харин иргэд “Транс тосны хяналтын тухай” хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, D-Petition цахим хуудсаар дамжуулан ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө гарын үсгээ идэвхтэй зурахыг хууль санаачлагч иргэн уриаллаа