АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ойрх дорнодын хямралыг намжааж, Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангаж чадсан тул анхаарлаа Украины дайнд хандуулж эхэллээ. Мягмар гаргийн өглөө “долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ, Украины ерөнхийлөгч нар нүүр тулан уулзсан бөгөөд хэлэлцээний дараа доналд трамп ОХУ-ыг цуст мөргөлдөөнийг зогсоож, зөвшилцөлд хүрэхийг уриалжээ.
Трамп Зеленськийтэй хийсэн хэлэлцээг "туйлын үр дүнтэй" гэж тодорхойлж, тухайн өдрийнхөө орой Украины ерөнхийлөгчтэй дахин уулзалт товлосон талаар хэвлэлд ярьжээ. Мөн уулзалтын үеэр Володимир Зеленський ОХУ-ын агаарын довтолгооны уршгаар устаж сүйдсэн Украины түүхэн сүм хийд, соёлын өв болон хотуудын зургийг үзүүлсэн юм байна. Тэгвэл Д.Трамп уг сэтгэл эмзэглүүлэм гэрэл зургуудыг хараад үнэхээр цочирдсон бөгөөд сэтгэл нь маш их хөдөлсөн харагдсан гэж өрнөдийн хэвлэлээр мэдээллээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч "ОХУ улс хэлэлцээр хийх ёстой. Өнгөрсөн сард л гэхэд хоёр тал тус бүр 35 мянган цэргээ алдсан байна, энэ бол галзуурал. Би үүнийг зогсоохын тулд чадах бүхнээ хийнэ" гэж мэдэгдлээ.
Володимир Зеленський АНУ-аас зөвхөн бэлэн зэвсэг гуйлгүй, харин АНУ-ын баллистик пуужингийн эсрэг патриот системийг Украинд өөрсдөө үйлдвэрлэх албан ёсны лиценз өгөхийг Д.Трампаас гуйсан байна. Тэрээр АНУ-ын “Raytheon” компанийн удирдлагатай хэдийн уулзсан бөгөөд цагаан ордноос зөвшөөрөл өгвөл Украинд илүү хямд өртөгтэй хамгаалалтын систем үйлдвэрлэх боломжтойг хэлэхэд Д.Трамп уг саналыг эерэгээр хүлээж авсан байна. Мягмар гарагт Д.Трамп долоогийн бүлгийн удирдагчидтай уулзах үеэрээ "бид өмнө нь газрын тосны урсгалыг тасалдуулахгүйн тулд оросын нефтийн зарим хоригийг түр сулруулаад байсан. Одоо Ирантай тохиролцож нефтийн зах зээл тогтворжсон тул удахгүй кремлийн гол саалийн үнээ болох газрын тосыг онилсон хоригоо эргэн чангаруулна” гэж хэлжээ. Үүнээс гадна даваа гарагт францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, цагаан ордны тэргүүн Доналд Трамптай нүүр тулан уулзсан юм.
Харин мягмар гарагт Макрон Украины ерөнхийлөгч Зеленськийтэй уулзалтын талбайд хамт алхаж явах үедээ "Трамптай Украины дайны талаар ярилцахад үнэхээр хүнд байлаа" гэж хэлсэн нь асаалттай байсан микрофонд бичигдэж, дэлхий даяар цацагджээ. Мөн Макрон Зеленскийгээс "чи трамптай ганцаарчилсан уулзалт товлож чадсан уу?" гэж асуухад Зеленский "үгүй" гэж хариулсан байна. Үүнийг хариуд макрон "ойлголоо, би зохицуулъя" гэж хэлсэн нь микрофонд бичигджээ.