Европын холбоо болон Их Британи хамтран ОХУ-ын дроны үйлдвэрүүдэд түүхий эд, электроникийн төхөөрөмж, эд анги нийлүүлсэн БНХАУ-ын технологийн компаниудыг хориг арга хэмжээгээр шийтгэжээ. Францын Эвиан-Ле-Бэн хотод үргэлжилж байгаа долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр өрнөдийн эрх баригчид тус баримт бичгийг баталсан байна.
Уг хориг арга хэмжээний хүрээнд хятадын “shenzhen minghuaxin” компанийг ОХУ-ын цэргийн дроны үйлдвэрлэлд ашиглагдах электрон эд ангиудыг нууцаар нийлүүлсэн хэргээр хар жагсаалтад оруулсан байна тус хятадын компани нь 2023-2024 оны хооронд ОХУ-ын дрон үйлдвэрлэгч "rustakt" компани руу цахим технологийн 400 орчим чингэлэг ачаа илгээсэн нь баримтаар тогтоогдсон бөгөөд minghuaxin компанийн гол хувьцаа эзэмшигч Ван Динхуа нь "rustakt" компанид мөн хувьцаа эзэмшдэг байсан нь олон улсын мөрдөн шалгалтаар ил болжээ. Хятадын элчин сайдын яамнаас хориг арга хэмжээг "хууль бус, нэг талыг барьсан үйлдэл" хэмээн тодорхойлж, эсэргүүцлээ илэрхийллээ.
Үүний зэрэгцээ барууны орнууд ОХУ-ын газрын тосыг зах зээлийн үнийн дээд хязгаараас давуулан хууль бусаар тээвэрлэдэг "сүүдрийн флот"-ын эсрэг арга хэмжээг шинэ шатанд гаргаж, Их Британи улс түүхэндээ анх удаа оросын арктикийн "arctic lng 2" төсөлд зориулсан шингэрүүлсэн байгалийн хийн дөрвөн аварга том танкерыг хар жагсаалтдаа орууллаа. Үүнээс гадна британийн тагнуулын албанаас барууны өндөр технологийг хууль бусаар олж авдаг байсан "neptune" гэх ОХУ-ын цэргийн тагнуулын газрын халхавч компанийг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоож, уг сүлжээг удирдаж байсан 10 офицерыг хоригоор шийтгэжээ.
Улс төр, хүний эрхийн хүрээнд европын холбоо Владимир Путины "хувийн наминчлагч лам" гэгддэг ортодокс сүмийн хамба Георгий Шевкуновыг ОХУ-ын дайны суртал ухуулгыг дэмжсэн шалтгаанаар хоригтоо багтаажээ. ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас уг арга хэмжээ нь оросын маневр хийх орон зайг улам хумьж байгааг онцлон тэмдэглээд, удахгүй танилцуулах "21 дүгээр багц хориг"-оор ОХУ-ын крипто сүлжээн, банкнууд болон автомашины сэлбэгийн импортыг бүрэн хаахаар төлөвлөж байгааг уламжиллаа.