Эрчим хүчний салбарын гүн хямралыг өнгөрөгч 4-р сард болсон төв талбай дахь жагсаал дахин сануулж, салбарын сайд нь цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр аргагүй гэдгийг мэдэгдэж байсан. Улмаар өртгөөсөө бага үнээр борлуулагдаж буй цахилгаан, дулааны үнийг нэмэхдээ иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй, үе шаттайгаар өсгөхөөр зохицуулж 6-р сарын 5-аас эхлэн 5 хувиар нэмжээ.
Та бүхэнд зарим тоон мэдээллийг дэлгэцээр хүргэе.
—өнөөдрийн байдлаар нэг квт.цаг цахилгаан эрчим хүчний бодит өртөг 333 төгрөгт хүрсэн бол хэрэглэгчдэд дунджаар 280 төгрөгөөр борлуулдаг байна. Өөрөөр хэлбэл, бодит өртгөөс бага үнээр цахилгаан нийлүүлдэг бөгөөд тэнцүүлэхийн тулд тарифыг 18.9 хувиар нэмэх шаардлага үүсжээ.
—энэ хүрээнд шинэ тарифаар цахилгааны үнийг 5 хувиар нэмэгдүүлж, 6-р сарын 5-аас дундаж тариф нэг квт.цаг тутамд 304 төгрөг болсон байна.
—тарифын өөрчлөлтийн үр дүнд дундаж хэрэглээтэй буюу сард 220 квт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэдэг айл өрхийн төлбөр өмнөхөөсөө ойролцоогоор 2.500 төгрөгөөр нэмэгдэх тооцоолол гарчээ.
—хамгийн сүүлд 2024 онд эрчим хүчний үнийг нэмэгдүүлж, дундаж тарифыг 280 төгрөгт хүргэж байсан. Харин энэ удаагийн зохицуулалтаар айл өрхийн цахилгааны тарифыг 5 хувиар, төсөвт байгууллагын тарифыг 10 хувиар, уул уурхайн салбарын тарифыг 15 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна
Цахилгааны үнийг хоёр хөрш оронтой харьцуулан үзвэл, БНХАУ-д айл өрхийн цахилгааны тариф дунджаар 7.7 цент, аж ахуйн нэгжийн тариф 11.6 цент байдаг бол ОХУ-д аж ахуйн нэгжийн цахилгааны тариф дунджаар 10.7 цент байна. Харин монгол улсад айл өрхийн цахилгааны тариф 6 цент, аж ахуйн нэгжийнх 8.7 цент байгаа нь бүс нутгийн хэмжээнд харьцангуй доогуур түвшинд тооцогдож буй юм. Мөн сүүлийн жилүүдэд шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орж, системд өндөр өртөгтэй эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдсэнээр цахилгаан эрчим хүчний дундаж өртөг өсөхөд нөлөөлж байна. Одоогийн байдлаар нийт хэрэглээний 70 орчим хувийг хуучин дулааны цахилгаан станцууд хангаж байгаа бол үлдсэн 30 хувийг сүүлийн жилүүдэд ашиглалтад орсон шинэ эх үүсвэрүүд нийлүүлж байна. Иймээс эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулж, үнэ тарифыг бодит өртөгтэй нь ойртуулах зорилгоор цахилгааны тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлэх шаардлага үүссэнийг албаныхан онцолж байна.
Харин иргэдийн зүгээс цахилгааны үнийг төрөөс хатуу барихын оронд чөлөөтэй тогтоож, зах зээлийн зарчмаар зохицуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн цахилгаан эрчим хүчний үнийг үе шаттай нэмэгдүүлж, салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байна.
Харин судлаачдын үзэж байгаагаар, төрөөс цахилгаан эрчим хүчний үнийг олон жилийн турш зохиомлоор барьж, улс төрийн зорилгоор ашиглаж ирсэн нь салбарын өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгоход нөлөөлсөн байна. Мөн төвийн бүсийн цахилгаан хэрэглэгч аж ахуйн нэгж, айл өрхүүдийн дунд хийсэн судалгаагаар эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж, цахилгаан эрчим хүч хязгаарлах болсноос илүүтэйгээр цахилгааны үнийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж, тогтвортой, найдвартай хангамжийг бүрдүүлэх нь чухал гэж судалгаанд оролцогчдын дийлэнх нь үзсэн байна.
Мөн судлаачдын үзэж байгаагаар, аж ахуйн нэгжүүд цахилгаан хязгаарлалттай байх нөхцөл байдлаас илүүтэйгээр цахилгааны үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь эдийн засгийн хувьд алдагдал багатай гэсэн дүгнэлт гарсан байна. Иймээс цаашид эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, тогтвортой байдлыг хангахын тулд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, эрчим хүчний салбарт илүү өрсөлдөөнт орчныг бүрдүүлэх шаардлагатай гэсэн байр суурыг судлаачид илэрхийлж байна.