“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид дэлхийн аюулгүй байдал, эдийн засгийг тогтворжуулах 9 тунхаглал баталлаа

Өнгөрөгч даваа гарагт Францын Эвиан-Ле-Бен хотноо эхэлсэн дэлхийн хамгийн нөлөө бүхий долоон улс орны удирдагчдын 52 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт амжилттай өндөрлөлөө. Уулзалтаар удирдагчид дэлхий дахины аюулгүй байдал, эдийн засаг, технологийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон түүхэн шийдвэрүүдийг гаргалаа. Олон улсын удирдагчид геополитикийн хурцадмал байдал дунд нэгдмэл байр сууриа бататгаж, дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн нийт есөн багц тунхаглалыг баталжээ. 

Долоогийн бүлгийн удирдагчид  энэ долоо хоногт АНУ-ын засгийн газар Иран улстай ормузын хоолойг ямар нэгэн нөхцөлгүйгээр эргүүлэн нээх тухай хэлэлцээрт хүрсний сайшааж, уг үйл явдлыг геополитикийн салбарт гарсан хамгийн том ололт амжилт гэж тодорхойллоо. Мөн Украины ерөнхийлөгч В.Зеленскийгийн оролцсон хэлэлцээний үеэр удирдагчид агаарын довтолгооноос хамгаалах систем болон алсын тусгалтай зэвсгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, оросын дайны эдийн засаг, эрчим хүчний салбарт хүрэх хориг арга хэмжээ, санкцын дарамтыг улам чангаруулахаар тохиролцлоо. Мөн тэд дэлхийн эдийн засаг болон нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах хүрээнд өндөр технологи, ногоон шилжилтийн гол түүхий эд болох чухал ашигт малтмалын хангамжийг аль нэг улсаас, тэр дундаа хятадаас хамааралтай байх эрсдэлийг бууруулах тусгай удирдамж баталжээ. 

Удирдагчид технологийн салбар дахь хиймэл оюун ухааны хурдацтай өсөлт хөгжил, тэсрэлттэй  холбоотой засаглалын асуудлыг хөндөж, насанд хүрээгүй хүүхдүүдийг хортой контент, хяналтгүй чатботуудаас хамгаалахын тулд алгоритмд хатуу шаардлага тавих, цахим орчин дахь “deepfake” мэдээлэл болон кибер халдлагын эсрэг хэрэгжүүлэх хамтарсан багц дүрмүүдийг танилцуулсан байна. Долоогийн бүлэг хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд хүний наймаа, хууль бус цагаачлалын сүлжээг таслан зогсоох, далайн томоохон боомтуудын хоорондох мэдээлэл солилцоог чангатгах замаар Синдикатуудын хар тамхины тээвэрлэлтийг хумих чиглэлд тууштай хамтран ажиллахаар болжээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “Ормузын хоолойгоор удахгүй газрын тос чөлөөтэй урсаж эхлэх тул оросын нефтийг хоригоор шийтгэж, түр хөнгөлөлт, чөлөөлөлтөө цуцална” гэж мэдэгдлээ.