Долоо хоногийн дотор Украины зэвсэгт хүчин ОХУ-ын нийслэл Москва хотын газрын тос боловсруулах үйлдвэр болон бусад агуулахууд руу хоёр ч удаа дроноор халдан довтолсон юм. Үүнээс үүдэн ОХУ-ын дотоодын зах зээл дээр зөвхөн шатахуун үйлдвэрлэл өмнөх оны үзүүлэлтээс 10 орчим хувиар буурах таамаг гарч, зарим бүсэд хязгаарлалт тогтоож эхэлсэн байна. Гэсэн ч ОХУ-ын засгийн газар нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа байлгаж байна гэж тус улсын дотоодын хэвлэлээр мэдээлжээ.
Түлшний хомсдол, шатахууны купон, станцууд дээрх урт дараалал нь ОХУ даяар биш, зөвхөн дайны фронтын шугамаас 250 км-ийн зайд орших крым болон хилийн дагуух бүс нутгуудад л үүссэн асуудал гэж мэдээлж байна. Саяхан ОХУ-ын эрчим хүчний яам болон хараат бус судалгааны байгууллагаас бүс нутаг бүрийн 3000 гаруй оршин суугчдын дунд явуулсан судалгаагаар нийт оросын ердөө 2.4 хувь нь тухайн өдөртөө бензин худалдаж авч чадаагүй бол 60 хувь нь багахан очертой таарсан ч дараагийн станцаас шууд шатахуунаа авч чадсан гэж хариулжээ. Харин үлдсэн 30 гаруй хувь нь ямар нэг саад тотгоргүй шууд эхний станцаасаа шатахуун, түлшээ худалдаж авсан гэж хариулжээ.
ОХУ-ын Москва, Рязань, Ростов мужууд дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүд нь тус улсын баруун болон төвийн бүсийг шатхуун түлшээр хангадаг. Мөн орос улс бол дэлхийн хамгийн том дизель түлш экспортлогчдын нэг бөгөөд 2022 онд дайн эхэлсний дараа барууны хоригт өртөж, европын зах зээлээ алдсан юм. Оросын үйлдвэрүүд дотоодын нийт хэрэгцээнээсээ даруй 2 дахин их дизель түлш үйлдвэрлэдэг бөгөөд өдөө аж ахуйн ургац хураалт, тариалангийн үеэр дизелийн хэрэглээ огцом өсөх үеэр л борлуулалт нь эрчимждэг гэж мэдээллээ. Мөн Украины дроны халдлагын нөлөөгөөр оросын дизелийн үйлдвэрлэлийн гарц тодорхой хэмжээгээр буурсан ч дотоодын зах зээлийг нь хангах хангалттай хүчин чадалтай, нөөцтэй байгаа гэж “moscowtimes” эх сурвалжаас эш татан мэдээллээ. Харин Украины дронууд голцуу бензин гаргаж авдаг хоёрдогч боловсруулах байгууламжуудыг онилж байгаа нь 2026 онд ОХУ-ын бензиний үйлдвэрлэлийн хэмжээг өмнөх оныхоос 10 хувиар бууруулах төлөвтэй байна. Орос улс дотоодын зах зээлээ хамгаалахын тулд бензиний экспортоо бүрмөсөн хориглосноос гадна шатахууны хомсдолоос сэргийлэхийн тулд газрын тос үйлдвэрүүд нь Кремлийн зөвшөөрлөөр Евро-5 стандарт бус, арай чанар муутай, хүхэр ихтэй Евро-3 бензин үйлдвэрлэж дотооддоо худалдааж эхэлжээ.
Энэ 6-р сарын байдлаар ОХУ-ын нийт газрын тос боловсруулах хүчин чадлын 30 гаруй хувь нь жагсаалаас гарч, доголдоод байна. ОХУ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 16 том үйлдвэрийн 40 гаруй технологийн үндсэн блок, анхдагч боловсруулах байгууламжууд бүрэн болон хэсэгчлэн ажиллагаагүй болсон гэж шинжээчид тооцоолж байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын шадар сайд Александр Новак тус улсын 40 гаруй бүс нутагт шатахуун, түлшийг хязгаарлалттай олгож байгааг хүлээн зөвшөөрчээ. Мөн тэрээр хэд хэдэн үйлдвэрүүд төлөвлөгөөт бус засварт орсон ч үйлдвэрүүдийг богино хугацаанд эргүүлэн бүрэн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаагаа уламжилжээ.