“Лос анжелес-2028” олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2026” жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд таван тивийн 58 улсын 454 тамирчин оролцож байна. Энэхүү тэмцээнийг манай улс ирэх дөрвөн жил дараалан зохион байгуулах эрхээ баталгаажуулсан нь спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй аялал жуулчлалыг дэмжих, монгол улсыг олон улсад сурталчлан таниулах, улсынхаа нэр хүндийг өргөх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байна.
“Улаанбаатар их дуулга-2026” тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотын “степпе арена”-д зохион байгуулагдаж байна. Таван тивийн 58 улсын 454 тамирчин оролцож байгаа тус тэмцээнд олимпын таван аварга, дэлхийн 24 аварга багтаж байгаа бөгөөд олимп, дэлхийн аваргын медальт 62 тамирчин хүч сорьж байна. Харин манай улс энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа орон гэдгээрээ давуу эрх эдэлж жин тус бүрд 4 тамирчин өрсөлдөж байна.
Жүдо бөхийн их дуулганы ангиллын тэмцээн нь олон улсын спортын календарийн хамгийн өндөр зэрэглэлтэй тэмцээнүүдийн нэг бөгөөд олимпын эрхийн төлөө өрсөлдөж буй тамирчдын хувьд онцгой ач холбогдолтой байдаг. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн шилдэг жүдочид оролцож байгаа нь өрсөлдөөний түвшин улам өндөр болгож, спорт сонирхогчдын анхаарлыг татаж байна. Түүнчлэн манай улсаас оролцож буй тамирчдын бэлтгэл сургуулилт хангалттай сайн байгаа бөгөөд ирээдүйн олимпын наадамд өндөр амжилт гаргах боломж ойрхон байгааг жүдо бөхөөр дамжуулан монгол улсын нэрийг дэлхийн дэвжээнд олонтоо дурсгасан нэрт тамирчид онцолж байна.
Мөн ийм хэмжээний олон улсын тэмцээнүүд нь залуу үеийг спортоор хичээллэхэд уриалж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Монголын залуу жүдочид дэлхийн шилдэг тамирчдын барилдааныг эх орондоо үзэж, туршлага судлах боломжтой болж байгаа нь ирээдүйн амжилтын үндэс болох юм. Ийнхүү “Улаанбаатар их дуулга-2026” тэмцээн нь олимпын эрхийн оноо олгох спортын чухал арга хэмжээ төдийгүй монгол улсыг дэлхийд сурталчлан таниулах, аялал жуулчлалыг дэмжих, спортын хөгжлийг ахиулах, улсын нэр хүндийг өргөх олон талын ач холбогдолтой томоохон үйл явдал болж байна.