Эрчим хүчний салбарын 2026-2027 оны тарифын хэлэлцээр өнгөрсөн 1-р сард эхэлсэн боловч талууд тохиролцоонд хүрээгүй өдийг хүрчээ. Салбарынхны шаардлагын дагуу бүхий л арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн боловч цалин хөлс нэмэгдүүлэх талаар харин тодорхой санал бүхий хариу өнөөг хүртэл өгөөгүй тул дээрх шийдвэрийг гаргасан байна.
Эргэн сануулбал, энэ оны 1-р сарын 8-ны өдөр эрчим хүчний салбарын 2026-2027 оны тарифын хэлэлцээр эхэлсэн. Уг хэлэлцээрийн хүрээнд салбарын цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, цалин хөлс тооцох итгэлцүүрийг хууль, дүрэм журмын дагуу тооцох зэрэг 12 заалт бүхий саналыг ҮЭ-ийн холбооноос гарган салбар яам, ажил олгогчдод өгсөн байна. Улмаар талууд албан ёсны хэлэлцээрийг 3 удаа, албан бус уулзалтыг 1 удаа хийсэн ч ажил олгогч талаас цалин хөлсийг нэмэх боломжгүй гэх байр суурийг удаа дараа илэрхийлжээ. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсэж, хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэхээр ажилласан ч талууд мөн л тохиролцоонд хүрч чадаагүй. Эдгээрээс үүдэн 3-р сард эрчим хүчний салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг хангахад шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлүүлэх хүрээнд эрчим хүчний яаманд шаардлага хүргүүлж байсан. Үүний дараа 4-р сард 2 өдөр жагсаал цуглаан зохион байгуулж, ЗГ-т дахин шаардлага хүргүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Иймд өнгөрөгч 5-р сараас хууль, эрх зүйн хүрээнд ажил хаялт зарлах бэлтгэл ажлыг ханган, ажлын хэсгийг байгуулж, 6-р сард эрчим хүчний сайд Б.Найдалаад мэдэгдэл хүргүүлсэн байна. Улмаар энэ сарын 22-ны өдөр харьяа яамандаа шаардлага хүргүүлж, 30-ны өдрөөс эхлэн эрчим хүчний салбарынхан орон даяар ажил хаялт зохион байгуулах болсноо мэдэгдлээ.
Манай улсын хэмжээнд эрчим хүчний салбарын дундаж цалинг ойролцоогоор 3 сая төгрөг гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлэлдэг боловч бодит амьдрал дээр 1.6 сая төгрөгийг л гар дээрээ авдаг гэдгийг тэдний төлөөлөл хэлж байсан юм. Үүнээс гадна эрх бүхий хүмүүсийн бодлого, шийдвэрийн алдаанаас үүдэн эрчим хүчний салбар томоохон алдагдал хүлээж, ажилтнууд хүндхэн нөхцөл байдалд цаг наргүй ажиллаж байгаа. Иймд уг асуудлыг ЗГ, УИХ гээд холбогдох албаныхан хэн хүнгүй анхааралдаа авч, нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж салбарынхан үзэж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажил эхэлж байгаа эгзэгтэй энэ цаг үед эрчим хүчний салбарын алдагдал нэмэгдэх нь ихээхэн хохирол учруулах эрсдэлтэй. Үүнтэй холбоотойгоор дотооддоо зохицуулалт хийж, бүрэн ажил хаях эрхтэй ч олон нийтийн эрх ашгийг харгалзан үзнэ гэдгийг салбарынхан онцоллоо. Тэгвэл салбарын сайдын зүгээс эрчим хүчний салбарын шийдвэрлэх нэн тэргүүний асуудал цалин хөлсийг нэмэгдүүлэх хэрэг биш гэж үзэж байна.
Түүнчлэн эрчим хүчний салбарын цалин хөлсний асуудлаас үүдэлтэйгээр нэр бүхий хүмүүс ҮЭ-ийн холбооныхонд дарамт, шахалт үзүүлж байгааг хэлж байсан юм. Улмаар ХЭҮК-т хандан аюулгүй байдлаа хамгаална гэдгийг хэллээ.