Цалингийн 792 мянган төгрөг хүртэлх хэсэгт 0 хувийн ХХОАТ бодож, үлдсэн орлогоос шатлан татвар тооцно

Хоёр ч засгийн газрын нүүр үзэж, мөн хоёр ч удаа шинэчлэгдэн өнгөрөгч 5-р сард УИХ-д өргөн баригдсан татварын багц хуулийн шинэчлэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт УИХ-аар хийж, олонхын саналаар дэмжсэн. Одоо тус хуулийн төсөл батлагдахад ердөө хоёр алхам үлдэж байна. Үүнд, УИХ-ын холбогдох байнгын хороогоор зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгээд дараа нь УИХ-ын чуулганаар эцсийн санал хураалт явуулах юм. Хэрэв батлагдвал хууль 2027 оны 1-р сарын 1-ээс мөрдөгдөж эхэлнэ. Нийгэмд багагүй хүлээлт үүсгээд буй тус хуулийн иргэд, ААН-үүдэд шууд нөлөөлөх онцлох өөрчлөлтүүдийг дэлгэцэд танилцуулъя. 

—ХХОАТ-ыг цалингийн хэмжээнээс хамаарч шинээр шатлан тогтоохоор хуулийн төсөлд тусгажээ. Өмнө нь хүн бүр ижил 10 хувийн татвар төлдөг байсан бол шинэ хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогод 0 хувь, 792 мянган төгрөгөөс 2 сая төгрөг хүртэлх цалингийн орлогод 1 хувь, харин 2 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэд 10 хувийн татвар суутгуулах юм байна.

—Энд иргэдийн хамгийн их төөрөгдөж буй анхаарах ёстой нэг зүйл нь цалинг бүтнээр нь бус зөвхөн тухайн хэсгээс нь шатлуулж бодох зарчим юм. Тухайлбал, хоёр сая төгрөгийн цалинтай иргэн энэ 2 саяасаа 1 хувийн татвар төлөхгүй. 2 саяын эхний 792 мянган төгрөгт татвар бодогдохгүй, үлдсэн нэг сая 208 мянган төгрөгөөс нь л ердөө нэг хувийн татвар авах юм байна. Өөрөөр хэлбэл, та 2 сая төгрөгийн цалинтай бол ХХОАТ-т 12.080 төгрөг суутгуулна.

—Мөн хуулиар ААНБ-ын жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөг хүрэхэд л НӨАТ төлөгч болдог байсан босгыг 400 сая төгрөг болгон 8 дахин нэмэгдүүлжээ. Үүнээс гадна, 2.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн орлоготой ААНБ-уудад татварын 90 хувийн буцаан олголт олгохоор тусгажээ.

—Том, дунд ААНБ-уудын орлогын албан татварыг мөн адил 3 үе шатлалтай болгон өөрчилжээ. Өмнө нь 6 тэрбум төгрөгөөс дээш орлого олсон л бол шууд 25 хувийн өндөр татвар төлдөг байсан дүрэм солигдож, 6-10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувийн татвар ногдуулахаар зөөлрүүлэх бол харин 10 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогод нь 25 хувийн татвар төлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.

Энэ удаагийн татварын багц хуулийн шинэчлэл нь сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа татварын хамгийн том реформын нэг гэж зарим УИХ-ын гишүүд үзэж байна. Тус хуулийн шинэчлэлийн гол зорилго нь иргэдийн бодит орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн бизнес эрхлэх орчныг сайжруулахад чиглэжээ. Хуулийн төсөлд тусгасан хамгийн их хүлээлттэй байгаа ХХОАТ-ын шатлан тогтоосноор бага орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ. 
Нөгөө талаар жижиг, дунд бизнесүүдэд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэн, улирал бүрийн татварын тайлагнал, төлөлтийн дарамтыг бууруулах зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ. Ингэснээр жижиг бизнесүүд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эдийн засагт тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх юм байна.

Мөн татварын шинэчлэл нь томоохон аж ахуйн нэгжүүдийн татварын шатлалыг илүү оновчтой болгож, татварын ачааллыг орлогын хэмжээнд нь нийцүүлэн хуваарилах зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ ААН-ын 6 тэрбум төгрөгөөс дээш орлогод 25 хувийн татвар ногдуулдаг байсныг 6-10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувь, 10 тэрбумаас дээш орлогод 25 хувь ногдуулдаг гурван шатлалтай болгохоор болсон байна. 

Засгийн газрын тооцоолсноор татварын багц хуулийн шинэчлэл хэрэгжсэнээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын нийт ачаалал үе шаттайгаар буурч, эдийн засгийн идэвхжил, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Товчхондоо, энэ удаагийн татварын багц хууль нь татвар нэмэх бус, татварын дарамтыг бууруулж, хамгийн түрүүнд жижиг, дунд бизнес болон бага, дунд орлоготой иргэдийг дэмжихэд чиглэсэн шинэчлэл гэдгээрээ онцлог байна.