Европын тивийн ихэнх улс орнуудад хэт халалт үргэлжилж, агаарын температур түүхэн дээд хэмжээндээ хүрч байгаатай холбогдуулан Франц улсын эрх баригчид олон нийтийн газруудад архи уухыг хэсэгчлэн хориглож, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоожээ. Өдгөө Европын ихэнх оронд температур цельсийн 40-42 хэм давах төлөвтэй байгаа тул Францын Засгийн газар ийнхүү онцгой арга хэмжээ авч эхэлсэн байна.
Францын Ерөнхий сайд Себастьян Лекорню улсынхаа 35 бүс нутагт согтууруулах ундаа хэрэглэхийг хэсэгчлэн хориглолоо. Өдгөө Франц улсад жил бүр уламжлал болгон зохиогддог олон арван хөгжмийн наадмууд эхлэхэд бэлэн болж, гудамжинд сая сая хүн цугларч байна. Залуус хэт халуунд архи уувал бие нь шингэний дутагдалд маш хурдан орж, нарших болон зүрх зогсох эрсдэлтэй байгааг тус улсын эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ.
Хэдийгээр Францын Засгийн газраас олон нийтийн гудамж талбайд архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон ч залуучууд эсэргүүцэх хандлагатай байна.
Одоогоор цагдаа болон эмнэлгийн түргэн тусламжийнхан эмзэг бүлгийнхэнд буюу өндөр настан, хүүхэд, жирэмсэн эхчүүдэд тусламж үзүүлэхэд хүчээ дайчилж байгаагийн зэрэгцээ архины хордлого авсан хүмүүст мөн анхаарал хандуулах нь тэдний ачааллыг дээд цэгт нь хүргэх төлөвтэй байна. Тиймээс Францын эрх баригчид гадаа талбайн зарим спортын тэмцээнүүдийг цуцалж, улс даяар 845 сургуулийг хаах шийдвэр гаргаад байна.