Өнгөрөгч Ням гарагт АНУ, Ираны төрийн өндөр дээд албан тушаалтнууд Швейцар улсад нүүр тулан уулзаж, нэг цаг 30 минут үргэлжилсэн хэлэлцээ хийлээ. Гэвч уулзалт дөнгөж эхлэх үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн цахим хуудастаа Иранд хүчтэй цохилт өгч, газрын хөрснөөс арчина хэмээн сүрдүүлсэн байна.
Трампын сүрдүүлэгтэй холбогдуулан Ираны төлөөлөгчид хэлэлцээг орхин гарсан ч Пакистан, Катарын зуучлалаар уулзалт эргэн үргэлжилсэн гэж мэдээллээ. Швейцар улсад болсон хэлэлцээнд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс,Иираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф, Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар оролцжээ.
Ням гарагт Доналд Трамп Траны гар хөлсөн болсон Ливан дахь Хезболла бүлэглэлийг "Үймээн самуун дэгдээхээ зогсоохыг" шаардаж, эс бөгөөс "Иранд маш хүчтэй цохилт өгөх төдийгүй Техран Ормузын хоолойг хаавал улс орон гэх зүйлгүй болно” хэмээн анхааруулжээ.
Үүний хариуд Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф болон Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар уулзалтын заалыг орхин гарч, Катартай уулзсаныхаа дараа хэлэлцээг түр завсарлуулсан байна. Ираны тал "Бид америкийн заналхийллийг тоодоггүй, тэд үг хэлэхдээ болгоомжтой байсан нь дээр, манай зэвсэгт хүчин хариу барихад бэлэн" гэж хэлсэн байна. Саяхан АНУ, Иран хоёр гал зогсоох хэлэлцээрт хүрсэн ч өнгөрсөн амралтын өдрөөр Израилын арми Ливанд пуужингийн цохилт өгсний дараа хэврэг найрамдал ахин нурахын ирмэг дээр ирлээ. Ираны тал Израил Ливанд цохилт өгч байгаа нь гал зогсоох санамж бичгийг зөрчсөн үйлдэл гэж үзэж, хариу арга хэмжээ болгон стратегийн чухал ач холбогдолтой Ормузын хоолойг дахин хаасан байна. Ираны эрх баригчид Израилын цэргийг Ливаны газар нутгаас гаргахыг шаардаж байгаа бол Трампын засаг захиргаа Техраныг бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийг санхүүжүүлэхээ зогсоохыг хариу шаардаж байна. Одоо талууд ирэх 60 хоногийн хугацаанд Ираны цөмийн хөтөлбөр болон эдийн засгийн хоригуудыг цуцлах асуудлыг нэг тийш цэгцэлж, эцсийн энхийн хэлэлцээрийг байгуулах хүлээлттэй байна.