Орон сууцны асуудал тэр дундаа ипотекийн дараалал үеийн үед иргэдийн дунд асуудал болсоор өнөөгийн байдлаар 47 мянга гаруй иргэн тус зээлд хамрагдахаар дараалалд хүлээж байна. Тиймээс ЗГ-аас Орон сууцжуулалтын тухай болон орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа.Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, тус хуулийн төсөлд орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, барилгын өртгийг бууруулах, зах зээлийн тэнцвэрийг хадгалах бодлогыг хамтад нь хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийллээ.
Өнөөгийн байдлаар 47 мянга гаруй иргэн нийт 6.6 их наяд төгрөгийн ипотекийн зээл авах хүсэлт гаргаад байгаа ч жилд дунджаар 9 мянга орчим иргэн л 6 хувийн ипотекийн зээлд хамрагдаж байна. Гэвч зээлийн хамрах хүрээ энэ хурдаар үргэлжилбэл хүсэлт гаргасан иргэд орон сууцтай болохын тулд дор хаяж 4-5 жил хүлээх шаардлагатай байгаа юм. Үүнээс гадна ипотекийн зээлийн эх үүсвэр нь голчлон улсын төсөв болон Монголбанкнаас хамаарч байгаа нь урт хугацаанд тогтвортой санхүүжилт бүрдүүлэхэд хүндрэл учруулдаг байна. Иймээс урт хугацааны эх үүсвэрийг бий болгож, ипотекийн хүртээмжийг нэмэгдүүлэх, залуу гэр бүл, зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх зэрэг шинэ тогтолцоонд үе шаттай шилжүүлэх зорилгоор Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг УИХ-д Засгийн газраас 6-р сарын 12-ны өдөр өргөн барьсан.
Гэвч УИХ дахь АН-ын бүлгээс дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ. Тодруулбал, зөвхөн ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, эрэлтийг дэмжих нь орон сууцны үнийг улам өсгөж, залуу гэр бүлүүдийн ачааллыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулж байна. Тиймээс санхүүжилтийн шинэчлэлтэй зэрэгцэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, барилгын өртгийг бууруулах, зах зээлийн тэнцвэрийг хадгалах бодлогыг хамтад нь хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ.
Мөн УИХ дахь АН-ын бүлэг өнгөрөгч оны улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үеэр Үндэсний аудитын байгууллагаас өнгөрсөн онд төсвийн сахилга баттай холбоотой олон зөрчил, хязгаарлалт бүхий дүгнэлт, зөвлөмж гаргасан ч тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжиллээ. Иймээс аудитын байгууллагын дүгнэлт, зөвлөмжийг бодит ажил хэрэг болгож, хэрэгжилтэд нь үр дүнтэй хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.