Дархан цаазат газарт хууль бус ан агнуур үйлдсэн байж болзошгүй ноцтой баримтуудын талаар ан агнуурын салбарынхан төлөөлөл өнөөдөр мэдээллээ. Тэдний мэдээлснээр дархан цаазат бүсээс 10 гаруй зэрлэг амьтныг хууль бусаар агнасан байж болзошгүй байгаа бөгөөд үүнд нэр бүхий компаниуд, албан тушаалтнууд холбогдсон байж болзошгүй байна.
Ан агнуурын мэргэжлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 2023 оноос хойш ан агнуурын тогтолцоо дуудлага худалдааны хэлбэрт шилжсэн ч 2024 оноос эхлэн цөөн хэдэн компани “Соёлын угалз” нэрээр тусдаа лиценз авч, түүгээрээ хууль бус ан агнуур хийсэн байж болзошгүй гэж мэдээллээ. Тэдний хэлснээр, уг лиценз нь анх зураг авах, музейн зориулалтын чихмэл хийх зэрэг соёлын зориулалттай зөвшөөрөл байх ёстой ч бодит байдал дээр гаднын анчдыг монголд авчирч, ан хийлгэсэн ноцтой баримтууд илэрсэн байна.
“Соёлын зориулалтаар олгосон тусгай зөвшөөрлүүд цөөн хэдэн компанид төвлөрсөн. Энэ нь шударга өрсөлдөөнийг алдагдуулж, монопол байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Мөн 2025 онд “Соёлын угалз” гэх нэршлийг өөрчилж, энэ жил болох Cop-17 хурлын нэрийн дор тусгай зориулалтын 11 лиценз гаргасан бөгөөд эдгээрийг мөн хууль бусаар ашигласан байж болзошгүй гэж тэд үзэж байна. Түүнчлэн Өмнөговь аймгийн “Говь гурван сайхан” дархан цаазат газарт сайдын зөвлөх асан болон бусад этгээд нийлж нийт 12 зэрлэг амьтан буудсан байж болзошгүй, үүнээс хоёрыг нь машинаар хөөж агнасан гэх баримтыг Экологийн цагдаад өгчээ.
Мөн тусгай зөвшөөрөл, дуудлага худалдааны орлогын зарцуулалт, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх шаардлагатай гэдгийг ААН-ийн төлөөллүүд онцоллоо. Учир нь шүлхий өвчний тархалт өндөр байгаа энэ үед ан агнуур зохион байгуулах нь эрсдэл дагуулж, болзошгүй гэж үзэж байгаа юм. Иймээс ан агнуурын салбарын 14 компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2026 оны ан агнуурын үйл ажиллагаанаас сайн дураараа татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Түүнчлэн дархан цаазат газар хууль бусаар ан агнасан нь тогтоогдвол зөрчлийн тухай болон эрүүгийн хуулийн дагуу торгууль, зорчих эрхийг хязгаарлах, цаашлаад хорих ял оногдуулах хүртэл хариуцлага хүлээлгэх зохицуулалттай гэдгийг салбарын төлөөллүүд анхаарууллаа.