Европ тивийг хамарсан хэт халалтын улмаас сүүлийн өдрүүдэд франц улсад 40 гаруй хүн нас баржээ

Европын орнуудад агаарын температур урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй дээд үзүүлэлтдээ хүрч, түүхэнд байгаагүй хэт халалтын давлагаа үргэлжилж байна. Одоогоор Франц улсад хэт халалтын улмаас 40 гаруй хүн нас барсан байна.

Олон улсын цаг уурын байгууллагаас Европ тивийн дулаарлын хурдац дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна гэж мэдээллээ. Сахарын цөлөөс ирэх халуун агаарын урсгал эх газарт түгжигдсэн "Халуун бөмбөлөг" хэмээх үзэгдэл үүссэнээр европ даяар хэт халж байгааг тогтоожээ.

Франц улсын Баруун өмнөд бүс нутгуудад агаарын температур цельсийн нэмэх 44 градус хүрсэн нь 6-р сарын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тиймээс Парисын бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхаг аялагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ажиллах цагаа богиносгосон байна. Испани болон Итали улсын 15 томоохон хотод аюулын "Улаан түвшин"-г зарлаж,  оршин суугчдыг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.

Франц улсад нас барсан 40 гаруй хүний дийлэнх нь хэт халалтаас дайжиж, гол, нуурт сэлж байгаад живсэн залуучууд байна. Мөн зүрх судасны архаг хууч өвчтэй өндөр настнууд болон халуун автомашинд түгжигдсэн бага насны хүүхдүүд ч нас барагсдын тоонд бүртгэгджээ. Цаг уурчид хэт халалтын эрч цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул Европын оршин суугчдыг усны хэрэглээгээ нэмэгдүүлж, нарны шууд тусгалаас хамгаалахыг сэрэмжлүүлэн зөвлөж байна.