Өчигдөр УИХ-аас зохион байгуулж байгаа Малчны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх ерөнхий хяналтын сонсгол 2 дахь өдрөө үргэлжиллээ. Сонсголын үеэр Малчны тухай хууль батлагдсанаас хойш 2 жил өнгөрсөн ч олон чухал заалт бодит ажил болоогүй байгааг малчид, судлаачид болоод төрийн байгууллагын төлөөллүүд шүүмжилсээр байна.
Малчны тухай хууль 2024 оны зургаадугаар сард батлагдаж, 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд малчдыг ипотекийн зээлд хамруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх, малчны хөгжлийн сан байгуулах зэрэг зохицуулалт туссан. Гэвч сонсголын үеэр эдгээр заалтыг хэрэгжүүлэх Засгийн газрын журам өнөөдрийг хүртэл батлагдаагүй байна. Тухайлбал, малчдад ипотекийн зээл олгохоор хуульчилсан ч өнөөдрийн байдлаар ердөө 2 малчин орон сууцны ипотекийн зээлд хамрагджээ. Мөн малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх журам батлагдаагүй хэвээр байгаа бөгөөд ХХААХҮЯ-ны мэдээлснээр тус журмыг батлахад 30-40 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа аж.
Монголын хуульчдын холбооны хийсэн үр дагаврын үнэлгээгээр малчны хөгжлийн индекс, малчны хөгжлийн сан, малчны хөгжлийн төв байгуулахтай холбоотой заалтууд огт хэрэгжээгүй бол малчдын боловсрол, хөгжлийг дэмжих, эрсдэлийн удирдлага, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зохицуулалтууд сул хэрэгжилттэй гэж дүгнэжээ. Харин санхүүгийн үйлчилгээний хүртээмжийн талаар Монголбанкаас мэдээлэхдээ 2025 оны байдлаар малчдад нийт 122 мянга 838 зээл олгож, зээлийн үлдэгдэл 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Гэвч малчны зээлийн дундаж хүү 22.2 хувь байгаа нь хэрэглээний зээлээс 4.4 нэгжээр, бизнесийн зээлээс 5.9 нэгжээр өндөр байгаа нь салбарын санхүүгийн дарамт хэвээр байгааг харуулж байна.
Түүнчлэн улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд малчин өрхийн 171 мянга гаруй хүүхэд, залуус боловсролын байгууллагад суралцаж байгаа нь нийт суралцагчдын 13.2 хувь юм. Гэвч малчны хүүхдийг зөвхөн мал аж ахуйн чиглэлээр үнэ төлбөргүй сургах зохицуулалт нь мэргэжил сонгох эрхийг хязгаарлаж байна гэж зарим УИХ-ын гишүүд шүүмжлээд байна. Үүний үр дүнд одоогоор ердөө 50 хүүхэд ХААИС -д суралцаж байгаа талаар мэдээллээ.