Эцэслэн батлагдах хүлээлттэй байгаа Татварын багц хууль нь иргэдийн бодит орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн бизнес эрхлэх орчныг сайжруулахад чиглэнэ гэж албаныхан хэлж байгаа. Засгийн газрын тооцоолж буйгаар Татварын багц хуулийн шинэчлэлээр иргэн, аж ахуй нэгжид ирэх татварын дарамт 4.1 их наяд төгрөгөөр буурах юм. Гэсэн ч сонгуулийн өмнөхөн батлагдаж буй тус хууль нь татварын дарамтыг бууруулахад үр нөлөө бага гэж мэргэжилтнүүд үзэж байна.
-
Татварын багц хуульд хамгийн сүүлд 2019 онд томоохон өөрчлөлт хийгдэж байснаас хойш 6 жилийн дараа татварын шинэчлэл энэ онд хийгдэж байна. Энэ оны 5-р сард УИХ-д өргөн барьсан тус хуулийн төсөлд 6 өөрчлөлт тусгагдаад байна.
-
Татварын багц хуулиар сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад 100 хувь, 500-аас 1 сая төгрөгийн худалдан авалтад 50 хувь, 1 сая төгрөгөөс дээш үнийн худалдан авалтад 20 хувиар НӨАТ-өөс чөлөөлөх юм.
-
Түүнчлэн татварын өрийг ААН-ийн данснаас 100 хувь суутган дансыг нь хаадаг байсан бол одоо 70 хувийг орлого татан төвлөрүүлэхэд авч, 30 хувийг тухайн ААН-ийн дансанд үлдээхээр болж байгаа юм.
-
Эдгээр болоод бусад чухал шинэчлэлтүүд хуульд тусгагдан хэрэгжсэнээр иргэд, ААН-ийн татварын дарамт 4.1 их наяд төгрөгөөр буурна гэж тооцоолжээ.
Олон нийтийн анхаарлыг удаан хугацаанд татаж, салбарынхны дунд хүчтэй хэлэлцүүлгийг өрнүүлээд байсан Татварын багц хууль эцэслэн батлагдах л үлдээд байгаа. Тус хууль нь томоохон 6 өөрчлөлтийг тусгаад байгаа бөгөөд иргэд, ААН-ийн татварын дарамтыг 4.1 их наяд төгрөгөөр бууруулах тооцооллыг холбогдох албаныхан мэдээлсэн. Тухайлбал хувь хүний орлогын албан татварыг шаталсан хэлбэр лүү шилжүүлж, татварын өртэй ААН-ийн дансыг бүрэн битүүмжлэхээ больж, НӨАТ төлөх хугацааг хойшлуулж, орон сууц өмчлөлийн 2 хувийн татварыг чөлөөлж, тайлан залруулах хугацааг уртасгаж, НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгоод байгаа. Тэгвэл Татварын багц хуультай холбоотой иргэдийн байр суурь харилцан адилгүй байна.
Татварын багц хууль батлагдсанаар бага орлоготой болон жижиг, бичил бизнесүүдийн татварын дарамт багасаж, орлого хэрэглээ рүү шилжиж эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ гэж холбогдох албаныхан үзээд байгаа. Гэсэн ч төсвийн цоорхойн асуудал анхаарал татаж байгаа бөгөөд хуулийн төслийн ажлын хэсгийн зүгээс алдагдал гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал, татварын хөнгөлөлт чөлөөлөлтөөр татвар төлөгчдийн тоо нэмэгдэж, далд эдийн засгийг ил болох юм . Гэсэн ч нөгөө талдаа бодит амьдрал дээр одоогийн яригдаж буй өнгөц төсөөлөл буухгүй гэдгийг эдийн засагч тайлбарлалаа.
Үүнээс гадна хэрэгжилтийн биелэлт хангагдаж, татварын дарамт буурах эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь төсвийн цоорхойг нөхөхийн тулд Засгийн газар бусад татвар, төлбөрийг нэмэгдүүлэх магадлалтай. Цаашлаад шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хойшлуулж, төсөв хөрөнгийн өөр эх сурвалжаар шийдэх тул татварын дарамт буурахгүй гэдгийг эдийн засагч онцолж байна.
Улмаар хоёр ч Засгийн газрын нүүр үзэж, хоёр ч удаа шинэчлэгдэн сонгуулийн өмнө батлагдаж буй татварын багц хууль байгаа оноогүйн илрэл болж байна. Учир нь наад талдаа олон төрлийн чөлөөлөлт, хөнгөлөлтийг ярьж байгаа ч цаад талдаа нэмэгдсэн татвар, төлбөр ч олон байгаа гэдгийг эдийн засагч онцолж байсан юм.