Эдийн засагч: Монголбанк хатуу бодлого баримталж байгаа ч бодлого хоорондын уялдаа тааруу байна

Өнөөдөр Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэ нь дотоод болон гадаад нөхцөл байдлаас үүдэлтэй, нийлүүлэлтийн гаралтай инфляцын дарамт удаан үргэлжлэх, дам нөлөө хүлээлтээс өндөр байж болзошгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Мөн бодлого хоорондын уялдаа холбоогүй байдал ч нөхцөл байдлыг дордуулж байгааг онцолжээ.

Монголбанкны мөнгөний бодлогын хороо энэ сарын 23,24-ний өдрүүдэд хуралдаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна. Үүнд инфляцын эрсдэл, гадаад орчны тогтворгүй байдал болон зуншлагын нөхцөл байдал, малын халдварт өвчний эрсдэл томоохон нөлөөг үзүүлжээ. Тухайлбал сүүлийн саруудад үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцын дарамт нэмэгдэж, уул уурхайгаас бусад салбарын идэвхжил сул байгаа. Иймд цаашдын төлөв гадаад болон дотоод нөхцөл байдал хэрхэхээс хамаарна гэдгийг салбарынхан тайлбарлалаа.

Угтаа Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос хатуу бодлогыг баримталж, бодлогын хүүг 12 хувьд удаан хугацаанд хадгалж байгаа. Гэсэн ч Засгийн газрын төсвийн зарлага нэмэгдэж байгаагаас үүдэн инфляц зорилтот түвшинд орж ирэхгүй байгааг албаныхан хэлж байсан юм. Цаашлаад нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлтийн үед зохих арга хэмжээг авч байгаа ч төсвийн хэт хэлэлт нь инфляцад голлон нөлөөлж байна гэдгийг онцоллоо.

Түүнчлэн оны төгсгөлөөр төсвийн тэлэлтээс үүдэлтэй импорт нэмэгдэж, ханшийн дарамтыг нэмэгдүүлэх магадлалтай юм байна. Улмаар цаашид нөхцөл байдал даамжирвал бодлогын хүүг чангаруулна гэдгийг албаныхан хэллээ.