Ирэх таван жилийн хугацаанд БНХАУ дэлхийн сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг манлайлахын зэрэгцээ нүүрсний хэрэглээгээр олон улсын зах зээлд голлох байр сууриа хадгалах нь тодорхой боллоо. Тус улсын эрх баригчдын баталсан эрчим хүчний шинэ таван жилийн төлөвлөгөөнд ногоон хөгжлийг хурдасгах болон үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг хангах гэсэн хоёр үндсэн зорилтыг зэрэг хэрэгжүүлэх тухай дурдсан байна.
БНХАУ цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл болон технологийн суурилуулалтаар дэлхийд тэргүүлэгч байр сууриа улам бататгаж, салбарын үсрэнгүй хөгжлийг түүчээлж байна. Тус улс салхи, нарны эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлыг 2700 гигаватт давуулахаар зорин ажиллаж байгаа бөгөөд 2030 он гэхэд нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 50-аас дээш хувийг малтмал бус буюу ногоон эх үүсвэрээс бүрдүүлэхийг эрмэлзэж байна гэж мэдээллээ. Энэхүү эрчимтэй шилжилтийн үр дүнд тус улсын цахилгаан эрчим хүчний жил бүрийн шинээр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг бараг бүхэлд нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангаж байгаа юм байна.
Гэвч ногоон эрчим хүчний хүчин чадал түүхэн дээд хэмжээндээ хүрсэн ч БНХАУ-ын эрх баригчид үндэснийхээ эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд нүүрсний салбараа зэрэг өргөжүүлэн эрчимжүүлж байна. Нүүрсний хэрэглээ өсөн нэмэгдэхэд химийн үйлдвэрлэлийн түүхий эдийн хэрэгцээ голлон нөлөөлж байгаа бөгөөд нүүрсийг зөвхөн эрчим хүч гаргахад бус, метанол, аммиак болон нийлэг түлш үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж эхэлсэн байна. Хятад улсын химийн үйлдвэрлэлийн салбарын жилийн нүүрсний хэрэглээ 320–380 сая тоннд хүрсэн байна.
Үүнээс гадна хиймэл оюун ухааны дата төвүүдийн тэсрэлт болон тээврийн хэрэгслийн цахилгаанжуулалтаас шалтгаалан цахилгааны хэрэглээ жил бүр 5 хувиар өсөж байгаа тул нүүрсний станцуудыг сүлжээний тогтвортой байдлыг хангах үндсэн баталгаат нөөц болгон ашиглаж байна. Хэдийгээр Хятад улс нүүрсний хэрэглээгээ 2030 оноос өмнө оргил цэгт нь хүргэж, улмаар үе шаттай бууруулах амлалт өгсөн ч дунд хугацааны төлөвөөр дэлхийн хамгийн "Ногоон" бөгөөд хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч орнуудын жагсаалтыг зэрэг тэргүүлсэн хэвээр байх дүр зурагтай байна.