Даваа гарагт ОХУын гадаад тагнуулын албанаас Украиныг Латин америкийн хар тамхины картелиудтай хамтран ажиллаж, Европ руу чиглэсэн транзит тээврийг зориуд дэмжиж байна" гэж буруутгалаа. Харин Украины Засгийн газраас уг мэдэгдлийг "Олон улсын тавцанд нэр хүндийг нь унагах зорилготой ээлжит худал суртал ухуулга" хэмээн эрс няцаасан тайлбар өгчээ.
Барууны холбоотон орнуудын санхүүгийн тусламж буурч байгаатай холбогдуулан Украины эрх баригчид хар тамхины транзит тээврээс нэмэлт орлого олохын тулд картелиудтай хамтран ажиллаж, тус улсын тагнуулын байгууллага нүдээ аньж байна гэж Москвагийн тал үзэж байна. ОХУ-ын гадаад тагнуулын албанаас Латин Америкийн, тэр дундаа Мексикийн картелиуд фентанил зэрэг хүчтэй мансууруулах бодисыг Европ руу гаргахдаа Украины Одесса мужийн далайн боомтуудыг гол дамжин өнгөрүүлэх цэгээ болгон ашиглаж байна гэж мэдэгдлээ. Мөн картелиуд Украины боомтоос Польш, Молдав, Румынаар дамжин Европын зах зээлд нэвтэрч байгааг тогтоосноо уламжилжээ. Үүний хариуд хар тамхины бүлэглэлүүд Латин Америк гаралтай хөлсний цэргүүдийг Украины зэвсэгт хүчинд элсэхэд зуучилж, тусламж үзүүлж байна гэж Оросын тал үзэж байна. Түүнчлэн картелиуд Украинд үүссэн зэвсгийн хар зах зээлээс орчин үеийн зэвсэг техник худалдан авах сонирхолтой байгааг тайлбарт онцолсон байна.
Даваа гарагт Украины Засгийн газраас Европын холбооны түншүүд болон Интерпол, Европол, НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай тогтмол мэдээлэл солилцож, боомтуудыг хамтран хянаж байгаа тул ийм том хэмжээний сүлжээ үүсэх боломжгүй гэж мэдэгдлээ. Уг асуудал нь АНУ-ын Засгийн газрын фентанилын эсрэг тэмцэлтэй холбоотой гэгдэж байна. Учир нь Латин Америкийн картелиуд АНУ дахь борлуулалт хумигдаж, нийлүүлэлт нь тасалдаж эхэлсэн тул Европын зах зээл рүү тэлэх шинэ сувгуудыг хайж байгаа нь гарцаагүй байна. Харин Орос,Украины талууд асуудлыг өөрийн өөрийн өнцгөөр тайлбарлаж байна.