Шүлхий өвчний улмаас нийслэлд нийлүүлэх махны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар буурсан байна

Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт шүлхий өвчин бүртгэгдээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн байдлаар шүлхийн сэжигтэй болон батлагдсан нийт 4 мянга орчим толгой мал бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс 3700 орчим малыг устгалд оруулжээ. Мөн өвчний голомт бүсэд байгаа малыг дархлаажуулах, вакцинжуулах ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Түүнчлэн орон нутагт гарсан шүлхий өвчний улмаас нийслэлд нийлүүлэх махны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Хүчит шонхор зах дээр өнөөдрийн байдлаар хонины мах килограмм нь 24–28 мянган төгрөг, үхрийн мах 33–38 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Харин 2025 оны зургаадугаар сард Улаанбаатар хот болон орон нутгийн захуудад үхрийн ястай махны дундаж үнэ 21 мянган төгрөг, үхрийн цул махны үнэ 25–27 мянган төгрөгийн ханштай байсан бол хонины ястай мах 16–17 мянган төгрөг, хонины цул мах 19–21 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан байна.

70 гаруй сая толгой малтай, мал аж ахуйн орон хэмээн дэлхийд танигдсан Монгол улсад иргэд ердөө 3 килограмм мах худалдан авахын тулд 80–90 мянган төгрөг зарцуулж байна. Хоёрхон жилийн өмнө энэ хэмжээний мөнгөөр бүтэн амьд хонь худалдан авах боломжтой байсан бол өнөөдөр ижил мөнгөөр өрхийн хэрэгцээнд хэдхэн хоног хүрэлцэх хэмжээний мах л авч байна. Иргэдийн хувьд өмнө нь нэг бүтэн хонь авахад хүрэлцдэг байсан мөнгөөр өнөөдөр ердөө гурав орчим хоногийн хэрэглээний мах худалдан авч байгаа нь төрийн бодлого, зохицуулалт муу байгаагийн илрэл гэж шүүмжилж байна