УИХ-ын Хаврын ээлжит чуулган энэ 7 хоногт завсарлах товтой ч хэлэлцэж амжаагүй олон арван хуулийн төсөл үлджээ

УИХ-ын Хаврын ээлжит чуулган энэ 7 хоногт завсарлах товтой. Гэвч хэлэлцэж амжаагүй олон арван хуулийн төсөл үлдсэн тул чуулган ердийнхөөс өөрөөр буюу 4 өдөр дараалан хуралдахаар товлогдоод байна. Хаврын чуулганы эхнээс улс төрийн тогтворгүй байдал, засгийн газрын өөрчлөлт, үүнтэй холбоотой завсарлага, хэлэлцүүлгийн саатлын улмаас олон чухал хуулийн төсөл хойшилсоор, эцэст нь богино хугацаанд олноор нь хэлэлцэх нөхцөл үүсээд байгаа юм.

Өнөөгийн үүсээд байгаа УИХ-ын чуулганы хуралдааны шахуу хувиар нь Хаврын чуулганы эхэнд үүссэн улс төрийн маргаан, завсарлага, хэлэлцүүлгийн саатлын улмаас олон хуулийн төслийн хэлэлцүүлэг хойшилсонтой холбоотой байна. Түүнчлэн яаралтай горимоор гэх үндэслэлээр нэн шаардлагагүй хуулийн төслүүдийг Засгийн газар болоод УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлж, хэлэлцсэнээс зарим нийгмийн суурь, иргэдийн дунд хүлээлт хамгийн өндөр хуулийн төслүүд овоорсон байна. Үүний улмаас чуулган хаахаас өмнө үлдсэн төслүүдийг богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх шаардлага үүсээд байгаа юм.

Өмнөх жилүүдийн Хаврын чуулганыг харьцуулбал, 2023 онд УИХ 82 өдөр хуралдаж 200 гаруй хууль, 65 тогтоол баталсан бол 2024 онд 58 өдөр чуулж 247 хууль, тогтоомж хэлэлцэн баталжээ. Харин 2025 оны хаврын чуулганаар 66 хууль, 59 тогтоол баталсан байна. Харин энэ оны хаврын чуулганы эхэнд 33 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөж байсан ч өнөөгийн байдлаар өргөн мэдүүлсэн хуулийн төсөл 300-аас давж, хэлэлцэх асуудлын жагсаалт хэдэн арваар тоологдож байгаа юм. Иймд өргөн мэдүүлээд байгаа хуулийн төслүүдэд эрэмбэ дараа гаргаж, шаардлагатай хуулийн төслүүдийг Хаврын чуулгандаа багтаан хэлэлцэж, харин нэн шаардлагагүй хуулийн төслүүдийг Намрын чуулган хүртэл хойшлуулах саналыг гишүүд хэлж байна. Түүнчлэн 4-хөн хоногийн дотор олон хуулийн төслийг чанартай баталж чадахгүй учир энэ Хаврын чуулганыг дахин 1 долоо хоног сунгах саналыг ч дэвшүүлсэн байна.

Ийнхүү хуулийн төслийг богино хугацаанд олноор нь хэлэлцэж батлах нь хууль тогтоомжийн чанарт нөлөөлөх эрсдэлтэй гэж зарим УИХ-ын гишүүд хэлж байна. Учир нь хууль тогтоох үйл явц нь зөвхөн санал хураалтаар дуусдаггүй бөгөөд байнгын хорооны хэлэлцүүлэг, гишүүдийн санал, олон нийтийн байр суурь, нөлөөллийн үнэлгээ зэрэг олон үе шатыг хангалттай хэрэгжүүлснээр чанартай хууль бүрддэг. Хэрэв энэ мэтчилэн хуулийн төслийн хэлэлцүүлэг хэт шахуу өрнөвөл хуулиудын хоорондын уялдаа алдагдах, давхардсан эсвэл зөрчилтэй зохицуулалт бий болох, хэрэгжилтийн явцад дахин нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэх эрсдэл нэмэгддэг.

УИХ-ын тухай хуульд хууль тогтоох үйл ажиллагаа ил тод, нээлттэй, үндэслэлтэй, оролцоог хангасан байх зарчмыг баримтална гэж заасан байдаг. Тиймээс УИХ-ын чуулганаар олон хууль амжиж батлахдаа биш, харин баталж буй хууль бүрийн чанар, хэрэгжих боломжийг алдагдуулахгүй байх явдал болоод байна.