Үндэсний их баяр наадам ойртож буйтай холбогдуулан хурдан морь унаач хүүхдийн эрх, аюулгүй байдлын асуудал хөндөгдөж эхэлдэг. Хэдийгээр хурдан морийг бага насны хүүхдээр унуулдаг уламжлалтай ч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих учиртай. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 46 хүүхэд хурдан мориноос унаж, амь насаа алдсан байна. Иймээс энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морь унах хүүхдэд тавигдах хуульд заасан шаардлагыг чанд мөрдөж, хэрэгжилтийг бүрэн хангах шаардлагатайг хүний эрхийн үндэсний комисс үзэж байна.
2014 оноос 2026 он хүртэлх хугацаанд нийт 46 хүүхэд хурдан мориноос унаж амиа алдсан бол ноцтой гэмтэж, бэртсэн 52 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ хугацаанд олон зуун хүүхэд хүнд болон хөнгөн гэмтэл авч, зарим нь насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр тоо баримт нь хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байгаа юм. Монгол улсын хууль тогтоомжид хурдан морь унах хүүхдийн нас, хамгаалах хувцас хэрэгслийн стандарт, эрүүл мэндийн үзлэг, даатгал болон уралдаан зохион байгуулагчдын хүлээх үүргийг тодорхой заасан байдаг. Тухайлбал, хүүхэд хамгаалалтын зориулалтын малгай, хантааз зэрэг шаардлагад нийцсэн хамгаалах хэрэгсэлтэй байх, ослын даатгалд хамрагдсан байх зэрэг нөхцөлийг бүрэн хангах ёстой байна. Гэвч энэ хууль журмын хэрэгжилт сул байгаагаас үүдэн осол аваар нэмэгдэх нөхцөл бүрддэг байна
Хэдийгээр хурдан морийг бага насны хүүхдээр унуулдаг нь монголын уламжлалт өв соёлын нэг хэсэг боловч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах нь төр, эцэг эх, уяачид, уралдаан зохион байгуулагчдын хамтын үүрэг юм. Хэдийгээр хурдан морь унаж байгаа хүүхдэд зориулсан шинэ стандарт батлагдсан гэвч журамд унаач хүүхэд түрийтэй гутал өмсөхөөр заасан байдаг ч моринд илүү ачаалал өгөхгүй гэсэн шалтгаанаар зарим уяач хүүхдэд кет, пүүз өмсүүлдэг байна. Мөн хамгаалалтын шаардлага хангахгүй, хөнгөн хийцтэй, нэр төдий каск хэрэглүүлэх тохиолдол ч гардаг. Үүнээс гадна, хүүхдийг уралдаанд оролцуулахдаа эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөл заавал байх ёстой. Гэвч зарим тохиолдолд уг зөвшөөрлийн хуудсыг уяач өөрөө бөглөсөн зэрэг зөрчил илэрдэг болохыг хүний эрхийн үндэсний комисс мэдээллээ.
Иймд хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангаж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, эрсдэлийн үнэлгээг бодитой хийх шаардлагатай байгааг албаныхан онцолж байна. Мөн хууль, журам зөрчсөн тохиолдолд тухайн морийг уралдаанд оролцуулахгүй байх зэрэг хариуцлагын арга хэмжээг тууштай хэрэгжүүлснээр хурдан морь унаач хүүхэд мориноос унаж бэртэх эрсдэлийг бууруулах боломжтойг санууллаа.