Польш улс Украин руу илгээхээр төлөвлөж байсан сөнөөгч онгоцны тээвэрлэлтийг зогсоожээ

Польш, Украины харилцаанд томоохон ан цав үүссэний улмаас Варшавын талаас Киевт нийлүүлэхээр төлөвлөж байсан зөвлөлтийн үеийн МИГ-29 сөнөөгч онгоцны тээвэрлэлт цуцлагджээ. Хоёр улсын батлан хамгаалах салбарын технологийн маргаан болон түүхэн эмзэг сэдэвтэй холбоотой дипломат үл ойлголцол нь цэргийн тусламжийг зогсоох хэмжээнд хүргэж, хөрш орнуудын эв нэгдэлд сэв суулгаж эхэллээ. 

Польшийн батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш анх сөнөөгч онгоцнуудыг Украинд шилжүүлэхдээ дайны талбарт туршигдсан дроны дэвшилтэт технологийг хуваалцах тохиролцоо хийсэн гэж мэдэгдлээ. Гэвч Украины тал цэргийн нууцаа хуваалцахаас татгалзаж, амлалтаасаа ухарсан тул сөнөөгч онгоц нийлүүлэх үндэслэлгүй болсон гэж польшийн засгийн газрын тайлбарт дурдсан байна. 

Мөн Украины ерөнхийлөгч Володимир Зеленський дэлхийн 2-р дайны үеэр Польш иргэдийг үй олноор нь хөнөөсөн түүхтэй үндсэрхэг үзэлтнүүдийн бүлэглэлийг алдаршуулах шийдвэр гаргасан нь Варшавын дургүйцлийг төрүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан Польшийн ерөнхийлөгч Карол Навроцкий Украины төрийн тэргүүн Володимир Зеленскийд олгосон төрийн дээд одонгоо хураан авсан юм. 

Украины зэвсэгт хүчин болон батлан хамгаалах яамнаас цэргийн болон дроны үйлдвэрлэлийн Ноу-Хау бол дайны нөхцөл байдалд тус улсын аюулгүй байдлыг хамгаалж буй хамгийн чухал, нууцлалтай стратегийн зэвсэг учраас бусдад шууд шилжүүлэх боломжгүй гэсэн байр суурьтай байна. Түүнчлэн Украины эрх баригчид түүхэн сэдвийг Оросын түрэмгийллийн эсрэг хамтын тэмцэл болон нэн шаардлагатай байгаа зэвсгийн тусламжтай хутгах шаардлагагүй гэж онцлон мэдэгдлээ. Украины дайн эхэлсэн цагаас хойш Киевийг хамгийн тууштай дэмжиж, европын гол түшиц газар болж байсан Польш улс ийнхүү цэргийн тусламжаа гацааж байгаа нь хоёр орны харилцаа шинэ хямралын шатанд орсныг илтгэж байна. Польшийн засгийн газар түүхэн маргаанаа шийдвэрлэхгүй бол Украиныг европын холбоонд элсэхийг нь хүртэл хориглоно гэж мэдэгдсэн нь цаашид дипломат сөргөлдөөн улам гүнзгийрч, бүс нутгийн геополитикт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг дагуулж байна.