Ойрх дорнодын бүс нутаг дахь хурцадмал байдлыг намжаах, тэр дундаа АНУ болон Ираны хооронд урт хугацааны энхийн хэлэлцээр байгуулах дипломат хүчин чармайлт идэвхтэй өрнөж байна. Мягмар гарагт Катарын ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Абдулрахман аль Тани АНУ-ын засаг захиргааны тусгай элч нартай нүүр тулсан уулзалт хийж, зөрчилдөөнийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцжээ.
Мягмар гарагт Катарын ерөнхий сайд АНУ-ын тусгай элч Стив Виткофф болон Жаред Кушнер нарыг хүлээн авч уулзсан байна. Катар улс хоёр талын дунд гүүр болохыг хичээж, дипломат яриа хэлэлцээг урагшлуулахыг эрмэлзэж байгаа ч Тегераны тал тавьсан нөхцөл шаардлагаа буцахгүй гэх хатуу байр суурийг илэрхийлсээр байна.
Ираны хууль тогтоогчид АНУ-ын дипломатуудтай нүүр тулан уулзахаас эрс татгалзаж, зөвхөн зуучлагчдаар дамжуулан техникийн чанартай мэдээлэл солилцож байгаа бөгөөд өөрсдийн тавьсан урьдчилсан нөхцөлүүдээсээ алхам ч ухрахгүй гэдгээ хатуу мэдэгдлээ.
Иран тал амжилттай хэлэлцээр байгуулахын тулд Ливан дахь мөргөлдөөнийг нэн даруй зогсоох, тус улсын газрын тосны экспортод тавьсан эдийн засгийн хоригуудыг цуцлах, түүнчлэн эхний ээлжид олон улсын банкнуудад царцаагдсан 6 тэрбум ам.долларын хөрөнгийг яаралтай чөлөөлөх гэсэн гурван үндсэн шаардлагыг тулгаж байна.
Мягмар гараг Доналд Трамд Дохагийн хэлэлцээ чухал, чухал биш эсэхийг удахгүй олж мэднэ гэж мэдэгдлээ. Тэрээр АНУ цэрэг, эдийн засгийн хувьд ялалт байгуулсан төдийгүй дайн удахгүй бүрэн дуусна хэмээн онцлон хэллээ.