Скүүтер, мопедын хэрэглээ манай улсад эрчимтэй нэвтрээд гурван жил болж байна. Энэ хугацаанд түр журмаар зохицуулагдаж байсан бол өнгөрсөн 6-р сард замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-аар эцэслэн баталсан. Ийнхүү өчигдрөөс эхлэн скүүтер, мопед хэрэглэгчид хуулийн дагуу явган хүний замаар зорчихгүй байх, 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед түрээслэн унахгүй байх, явган хүний гарцаар гарахдаа тээврийн хэрэгслээ түрж гарах зэрэг зохицуулалтыг мөрдөх үүрэгтэй. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.
Хоёр дугуйт тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохтой холбоотой шинэ хуулын зохицуулалтыг өнгөрсөн зургаадугаар сарын 12-нд УИХ эцэслэн баталснаар 7-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байна.
Шинээр батлагдсан хуулийн дагуу скүүтер, суррон, мопедыг явган хүний замаар жолоодохыг хориглосон. Мөн зөвхөн 18 нас хүрсэн иргэн унадаг дугуйн замаар, эсвэл авто замын зорчих хэсгийн баруун гар талын эгнээгээр жолоодох эрхтэй болсон. Харин зайлшгүй шаардлагатай тохиолдолд явган хүний замаар зорчих бол хурдыг 10 км/цагаас хэтрүүлэхгүй байх зохицуулалттай. Хэрэв хууль зөрчвөл зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна гэдгийг тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэж байна.
Хуульд мопед, скүүтерийг согтууруулах ундаа хэрэглэсэн, эсвэл мансууруулах бодисын нөлөөнд байх үедээ жолоодсон тохиолдолд 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авахаар тусгажээ. Мөн скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээ үзүүлэгч ААН нь 18 нас хүрээгүй хүүхэд болон сургалтад хамрагдаагүй хүнийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх технологийн арга хэмжээ аваагүй, мөн скүүтерээ бүртгүүлж, техник үзлэгт оруулаагүй бол тухайн байгууллагыг 500,000 төгрөгөөр торгох шинэ заалтууд өчигдрөөс хэрэгжиж эхэлж байна.