Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбар өнөө өглөө ердөө 5 минутын дотор бүрэн зарагдаж дуусжээ. Зохион байгуулах хорооноос нэг иргэнд хоёроос дээш тасалбар худалдахгүй гэж мэдэгдсэн ч зарим иргэн олноор нь худалдан авч, цахим орчинд дамлан худалдаалж эхэлсэн байна. Одоогоор цахим орчинд зарагдаж буй наадмын тасалбарын үнэ 700 мянган төгрөг давжээ. Үүний улмаас жирийн иргэд тасалбар худалдан авч, үндэсний их баяр наадмын нээлтийг үзэх боломжгүй болох нөхцөл үүсээд байна.
Үндэсний их баяр наадам бол зөвхөн нэгэн тоглолт, үзвэр үйлчилгээ бус Монголын төрт ёс, түүх, өв соёлыг илэрхийлсэн үндэсний хэмжээний баяр юм. Ийм арга хэмжээг үзэх боломж нь иргэдэд тэгш хүртээмжтэй байх ёстой. Гэвч өнөөдрийн нөхцөл байдал баяр наадмын тасалбар зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бус, зохион байгуулалтын алдаа болон хяналтгүй байдлын улмаас дамын худалдааны хэрэгсэл болж хувирсныг харууллаа. Наадмын нээлтийн тасалбарыг өнөө өглөө 07:00 цагаас эхлэн цахимаар худалдаалж эхэлсэн ч ердөө 5 минутын дотор бүрэн зарагдаж дуусжээ. Иргэдийн хэлж буйгаар, үндэсний их баяр наадмын тасалбар жилээс жилд олдохоо больж, наадмын үеэр төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна дамлан худалдаалагчид 500-600 мянган төгрөгөөр, зарим тохиолдолд түүнээс ч өндөр үнээр жуулчид болон бусад худалдан авагчдад зардаг байна. Үүний улмаас жирийн иргэд үндэсний их баяр наадмын нээлтийг үзэх боломж улам бүр хомсдож байгааг онцолж байна.
Тасалбар борлуулах цахим систем үнэхээр нэг хэрэглэгчид хоёр хүртэлх тасалбар олгосон эсэх, нэг хүн олон бүртгэл ашиглан худалдан авалт хийсэн эсэх, автомат программ буюу "бот" ашигласан байж болзошгүй асуудлыг зохион байгуулагчид нэн даруй шалгах шаардлагатай гэдгийг иргэд хэлж байсан юм. Хэрэв ийм эрсдэлийг урьдчилан тооцоолж, хамгаалалтын арга хэмжээ авч чадаагүй бол энэ нь зохион байгуулалтын томоохон алдаа гэж үзэхээс өөр аргагүй байна. Наадмын тасалбарын үнэ цахим орчинд 700 мянган төгрөгт хүсэн бөгөөд дамлан худалдаалагчдын хэлж буйгаар, өнөө өглөө 07:00 цагт тасалбарын борлуулалт эхлэхэд олон хүн нэгэн зэрэг захиалга хийж богино хугацаанд тасалбараа олоноор худалдан авсан гэлээ. Тасалбарын үнэ суудлын байршлаас шалтгаалан харилцан адилгүй байна. Тухайлбал, 3 дугаар секторын урд эгнээний тасалбар 700 мянган төгрөгөөр зарагдаж байгаа бол 8, 9 дүгээр эгнээний тасалбарын үнэ 300-500 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Наадмын тасалбарын үндсэн үнэ 150 мянган төгрөгөөр зарагдсан байхад ченж нар уг үнийг 2-4 дахин нугалж зарж байгаа юм.
Үндэсний их баяр наадам бол нийт монголчуудын бахархал, эв нэгдлийн бэлгэдэл билээ. Гэтэл тасалбарын шударга бус борлуулалт, дамын худалдааны улмаас олон иргэн баяраа дэргэдээс үзэх боломжгүй болж байгаа нь харамсалтай. Үндэсний их баяр наадам бол цөөн хэдэн хүний ашиг олох хэрэгсэл бус, бүх иргэнд тэгш хүртээмжтэй байх ёстой. Цаашид ийм асуудал дахин давтагдахгүйн тулд тасалбарыг иргэний регистртэй холбож, нэр дээр нь бүртгэх, нэвтрэх үед иргэний үнэмлэхээр баталгаажуулах, дамлан худалдаалсан тасалбарыг хүчингүй болгох зэрэг олон улсад хэрэглэгддэг шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлага үүсээд байна. Мөн хууль бусаар дамлан худалдаа эрхэлж буй этгээдүүдэд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтыг илүү үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлага тулгараад удаж байна.