Эрчим хүчний салбарынхан ажил хаялтыг албан ёсоор зогсоох болсноо мэдэгдлээ

6-р сарын 30-ны өдрөөс эхлэн эрчим хүчний салбарын ажилтнууд ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Харин салбар яам, холбогдох албан тушаалтнуудын зүгээс ажилтнуудын цалинг 2026, 2027 онд үе шаттайгаар нийт 30 хувиар нэмэгдүүлэх санал гаргаж, талууд хэлэлцэх боломж бүрдсэн тул ажил хаялтыг 2 өдрөөр хойшлуулаад байсан юм. Тэгвэл өнөөдөр талууд зарчмын хувьд тохиролцоонд хүрч, ажил хаялтыг албан ёсоор зогсоох болсноо мэдэгдлээ.

Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин, хөлсний асуудал хагас жилийн турш үргэлжилж, ийнхүү ажил олгогч тал болон үйлдвэрчний эвлэлийн холбоо тохиролцоонд хүрчээ. Эргэн сануулбал өнгөрөгч 1-р сард эрчим хүчний салбарын 2026-2027 оны тарифын хэлэлцээр эхэлсэн. Уг хэлэлцээрийн хүрээнд салбарын цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, цалин хөлс тооцох итгэлцүүрийг хууль, дүрэм журмын дагуу тооцох зэрэг 12 заалт бүхий саналыг ҮЭ-ийн холбооноос гарган салбар яам, ажил олгогчдод өгсөн. Улмаар удаа дараа уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, зохих газарт хандсан ч талууд тохиролцоонд хүрч чадаагүй. Эдгээрээс үүдэн 3-р сард шаардагдлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлүүлэх шаардлагыг эрчим хүчний яаманд хүргүүлж, 4-р сард жагсаал цуглаан зохион байгуулж, ЗГ-т дахин шаардлага хүргүүлсэн ч мөн л шийдвэрлэгдээгүй. Үүнтэй холбоотойгоор 5-р сараас ажил хаялт зарлах бэлтгэл ажлыг ханган, 6-р сард эрчим хүчний сайд Б.Найдалаад мэдэгдэл хүргүүлж, 6-р сарын 30-ны өдрөөс эхлэн эрчим хүчний салбарынхан орон даяар ажил хаялт зохион байгуулах болсноо мэдэгдээд байсан. Энэ бүхний эцэст салбар яамнаас санал гаргаж, ажил хаялт 2 өдрөөр хойшилж 7-р сарын 2-ны өдрөөс эхлэхээр болоод байсан бол талууд зарчмын хувьд тохиролцоонд хүрч ажил хаялтыг албан ёсоор зогсоох болсноо мэдэгдлээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажил эхэлж байгаа эгзэгтэй энэ цаг үед эрчим хүчний салбарын алдагдал нэмэгдэх нь ихээхэн хохирол учруулах эрсдэлтэй. Энэ ч учраас салбарын төлөөлөл нөхцөл байдлыг харгалзан, олон нийтийн эрх ашгийг бодолцсон гэдгийг онцолж байсан юм. Гэсэн ч ажилтнуудын тал буюу үйлвэрчний эвлэлийн байгууллага хоорондын зөрчилдөөнөөс үүдэлтэйгээр ажил хаялт хэрхэх эсэх нь тодорхойгүй байсан. Тэгвэл хамтын хэлэлцээр баталгаажих, цалин хөлсийг нэмэгдүүлэх болсон тул эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэхээс татгалзахыг холбогдох хүмүүс уриаллаа.

Улмаар монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны 22 гишүүн байгууллагуудаас зарлаад байсан маргааш өглөөнөөс эхлэх ажил хаялт албан ёсоор зогссон гэдгийг мэдэгдлээ.