Мексикийн 1 сая орчим иргэн ДАШТ-ий ялалтын баяраа тэмдэглэхээр цугласан ч шахцалдаан үүсэж 4 хүн амиа алджээ

Өнгөрсөн Мягмар гарагт Мексикийн хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Эквадорын багийг хожиж, шөвгийн 16-д шалгарлаа. Ингэснээр тэд сүүлийн 40 жилийн турш  хасагдах шатанд хожиж үзээгүй гэх хараалаас ангижирч, Мексикийн иргэд ялалтын баяраа нижгэр тэмдэглэжээ.

Лхагва гарагт баярлаж хөөрсөн 1 сая гаруй Мексикийн иргэн, хөлбөмбөгийн хорхойтнууд Мехико хотын төв талбай болон гудамжийг дүүргэсэн байна. Гэвч баярын салют буудах үеэр цугласан олон сандарч, улмаар нарийн гудамжнуудад хүмүүс бие биенээ гишгэчих, шахцалдах хөдөлгөөн үүсжээ. Хотын захиргаанаас олон нийтийг төв талбай руу очихгүй байхыг анхааруулж байсан ч олны урсгал татраагүй байна.

Харин энэ хэт бөөгнөрөл, шахцалдааны улмаас 4 хүн амиа алдсан бөгөөд тэдний гурав нь амьсгал нь боогдож ухаан алдсаны улмаас эмнэлэгт хүргэгдэх үедээ нас барсан гэж мэдээлжээ.

Мөн Мексикийн нэг иргэн зүрх нь зогсож амь үрэгдсэн бол эмнэлгийн ажилтнууд баярын арга хэмжээний үеэр бэртэж гэмтсэн, ядарч туйлдсан 1600 гаруй хүнд яаралтай тусламж үзүүлсэн байна. Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум амь үрэгдсэн иргэдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, баяр хөөрийг үргэлж хариуцлагатай тэмдэглэхийг санууллаа. Мексикийн шигшээ баг дараагийн шатанд Английн багтай тоглох хуваарьтай байна.