Өнгөрсөн 2025 онд Цагаан ордны тэргүүн Доналд Трамп криптовалютын төслүүдээс 1 гаруй тэрбум долларын ашиг олсныг АНУ-ын төрийн ёс зүйн албаны санхүүгийн тайланд дурджээ. Харин Д.Трампын крипто зах зээлд гаргасан коинуудыг худалдаж авсан дэмжигчид нь томоохон алдагдал хүлээсэн гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп крипто салбараас асар их ашиг олсон нь батлагдсан ч түүний нэр хүнд дээр суурилж хөрөнгө оруулсан хүмүүс мөнгө, санхүүгээрээ хохирчээ. Д.Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэхээс 3 хоногийн өмнө Trump нэртэй Mеме коин крипто зах зээлд гаргасан. Үүнээсээ тэрээр 635 сая долларын роялти авчээ. Мөн тэрээр хөвгүүдтэйгээ хамтран байгуулсан крипто старт апаас 500 гаруй сая долларын орлого олсон нь санхүүгийн тайлангаар батлагджээ. Д.Трампын крипто үйл ажиллагаанаас олсон нийт орлого нь 1.2-1.4 тэрбум доллар болж байна
Д.Трампын гаргасан Mеме коин анх зах зээлд гараад ердөө ганцхан өдрийн дотор хамгийн дээд цэгтээ буюу 74.24 ам.долларт хүрч байсан юм. Одоогийн байдлаар уг коины ханш 1.6 ам.доллар хүртэл унаж, хөрөнгө оруулагчдын шүүмжлэлд хүчтэй өртөж байгаа юм.
Өдгөө Trump коины ханш анхны арилжааны дүнтэй харьцуулахад 96 гаруй хувиар уначхаад байна. Энэхүү уналтад крипто зах зээлийн ерөнхий сул байдал, том тоглогчид ашиг хийж мөнгөө татсан үйлдэл болон улс төрийн хүлээлт зэрэг хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлжээ.
Тэгвэл АНУ-ын нийгэм, улс төрийн хүрээнд төрийн тэргүүн хүн хувийн крипто бизнес хийж ашиг олох нь хууль тогтоомж, зохицуулалтад нөлөөлөх "Ашиг сонирхлын зөрчил" үүсгэж байна гэж үзэх хэсэг байгаа юм.