Энэ удаагийн Хаврын чуулганаар УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн 4 жил талдаа хүрч байгаа учир эрх баригчдын ажлыг дүгнэх чухал үе гэдгийг УИХ дахь АН-ын бүлгээс онцолж байна. Иймд УИХ-ын Хаврын чуулган өндөрлөх дөхсөнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс чуулганы дүгнэлт гарган, үр дүнгийн талаар мэдээллээ. Энэ удаагийн парламентын үйл ажиллагаа эрх баригчдын хэт нөлөөнд орж, хууль тогтоох үйл явцын мэтгэлцээн, хяналт суларсан гэж шүүмжилжээ. Мөн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, парламентын хараат бус байдлыг бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа АН-ын бүлгээс илэрхийллээ.
УИХ дахь сөрөг хүчин болсон АН-ын бүлгээс энэ Хаврын чуулганаар парламентын гол үүрэг болох мэтгэлцээн, хяналтын тогтолцоо алдагдаж, Ерөнхий сайдын нөлөө УИХ-д хэт давамгайлж байгаа тул УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн УИХ-ын дарга улс төрийн намаас ангид байж, парламентын үйл ажиллагааг төвийг сахин удирдах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байна. Мөн өнгөрсөн 2 жилийн хугацаанд УИХ 3 Засгийн газар, 3 Ерөнхий сайдтай ажилласан нь бодлогын тогтвортой байдал алдагдсаны илрэл гэж дүгнэлээ. Ингэснээр УИХ-ын хэлэлцэх асуудлын ихэнхийг хууль тогтоох бодлогоос илүү томилгоо эзэлж, эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах томоохон шинэчлэлийн хуулиуд удааширсан гэж шүүмжиллээ.
Түүнчлэн сөрөг хүчний санаачилсан хуулийн төслүүдийг Засгийн газар өөр төслөөр давхардуулан өргөн барьж, нэгтгэн хэлэлцүүлэх нэрийн дор анхны үзэл баримтлалыг нь өөрчилдөг жишиг тогтсон гэж үзжээ. Харин эдийн засгийн бодлогын хувьд төрийн оролцоог бууруулж, татварын ачааллыг багасгах нь эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлнэ гэж үзэж буйгаа онцоллоо. Энэ хүрээнд хувь хүний орлогын албан татварыг бууруулах, төрийн бүтцийг цомхон болгох, бизнес эрхлэх орчныг сайжруулах бодлого баримтална гэдгээ мэдэгдсэн юм.
Мөн Монголын эдийн засагт төрийн оролцоо сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсэн нь хувийн хэвшлийн боломжийг хумьж байна гэсэн байр суурийг илэрхийллээ. Үндэсний статистикийн хороо болон Сангийн яамны мэдээллээр татвар, нийгмийн даатгалын орлогын хэмжээ ДНБ-ий 3-ны 1-ээс давж, төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого жилээс жилд өссөн нь төрийн эдийн засаг дахь оролцоо нэмэгдсэнийг харуулж байгаа үзүүлэлт гэж тайлбарлалаа. Иймээс төрийн өмчийн оролцоог багасгах, тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлэх, бизнес эрхлэх орчныг хөнгөвчлөх, парламентын хараат бус байдлыг бэхжүүлэх нь дараагийн улс төрийн шинэчлэлийн гол зорилт байх ёстой гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна.