Нийгмийн даатгалын тогтолцоонд томоохон шинэчлэл хийгдэж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг эцэслэн баталлаа. Ингэснээр ирэх оноос ахмадын тэтгэвэр нэмэгдэх, жижиг бизнес эрхлэгчид болон даатгуулагчдад шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, сайн дурын тэтгэврийн хуримтлалын тогтолцоо нэвтрэх эрх зүйн орчин бүрдэж байна.
-
Хуулийн хамгийн том өөрчлөлт нь тэтгэврийн шинэчлэл юм. 2027 оны нэгдүгээр сараас 500 мянга гаруй ахмадын тэтгэврийг шимтгэл төлсөн хугацаанаас нь хамааран 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Мөн 2013 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон 140 мянга орчим иргэний тэтгэврийн зөрүүг дахин тооцооллоор бууруулахаар тусгажээ.
-
Түүнчлэн шинэ хуулиар иргэд өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын шимтгэлийнхээ 1 хувийг тэтгэврийн хуримтлалд төвлөрүүлж, түүнд нь төрөөс 50 хувийн урамшуулал олгохоор хуульчилжээ. Мөн уг хуримтлалын үлдэгдлийг өв залгамжлагчид нь өвлүүлэх эрх зүйн зохицуулалт бүрдэж байна.
-
Ажил эрхэлдэг 15-24 насны оюутнуудын хувьд хүсвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөж, 26 нас хүрэхээсээ өмнө нөхөн төлөх боломжтой болж байна. Харин хөдөлмөрийн гэрээтэй иргэн давхар ажил, үйлчилгээний гэрээгээр ажилласан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлөхгүй байх сонголттой болжээ.
-
Мөн жижиг бизнесийг дэмжих хүрээнд 5 хүртэл ажилтантай ажил олгогчийн 3 хүртэлх ажилтны шимтгэлийг 36 сар, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан бол 60 сар хүртэл чөлөөлнө. Түүнчлэн үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 0.3, 1.2, 2.2 хувь болгон бууруулж, нийгмийн даатгалд анх удаа хамрагдаж буй иргэдийн тэтгэврийн шимтгэлийг 24 сарын хугацаанд 50 хувиар хөнгөлөхөөр хуульчиллаа.
Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг багтаасан нийгмийн даатгалын тухай шинэ хуулиар тэтгэвэр тогтоох зарчимд өөрчлөлт оруулж, олон жил шимтгэл төлсөн иргэд илүү өндөр тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн 2027 оноос тэтгэвэр авагчдын орлогыг нэмэгдүүлэх, өмнөх жилүүдэд үүссэн тэтгэврийн зөрүүг үе шаттай арилгах зохицуулалт хэрэгжих юм байна.
Үүнээс гадна жижиг бизнесүүдийн шимтгэлийн ачааллыг бууруулах, анх удаа нийгмийн даатгалд хамрагдагсдад дэмжлэг үзүүлэх, оюутан залуус болон гэрээгээр ажиллагчдад илүү уян хатан нөхцөл бүрдүүлжээ.
Дээрх хууль нь ирэх оны 1-р сараас мөрдөгдөж эхлэх бөгөөд сайн дурын тэтгэврийн хуримтлалын тогтолцоог анх удаа хуульчилж, иргэд ирээдүйн тэтгэвэртээ зориулан нэмэлт хуримтлал үүсгэх боломжтой болж байгаа нь энэ удаагийн шинэчлэлийн онцлох зохицуулалтын нэг болж байна.