Өнгөрөгч 6-р сарын 16-ны өдөр улсын хэмжээнд гол, усны ослын улмаас гурван иргэн амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ

Өнгөрөгч зургаадугаар сарын 16-ны өдөр улсын хэмжээнд гол, усны ослын улмаас гурван иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ. Зуны улирал эхэлж, иргэд амралт, зугаалгаар явах нь нэмэгдэж буйтай холбоотойгоор усанд осолдох тохиолдол өсөх хандлагатай байгааг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Мэргэжлийн байгууллагын мэдээлснээр иргэдийн усанд амиа алдах гол шалтгааны нэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, мөрөн, нуурын усанд орох явдал юм. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед хүний биеийн тэнцвэр, хөдөлгөөний зохицуулалт алдагдаж, эрсдэлийг зөв үнэлэх чадвар буурдаг. Үүний улмаас урсгал усанд автах, живэх, осолд өртөх магадлал эрс нэмэгддэг байна. Сүүлийн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд гол усны ослын улмаас нийт 105 иргэн амиа алджээ үүний  22 нь бага насны хүүхэд байсан байна түүнчлэн  өнгөрөгч зургаадугаар сарын 16-ны өдөр 3 иргэн усанд осолдож амиа алдсан байна

Түүнчлэн зориулалтын бус хийлдэг завь, автомашины дугуй, хуванцар сав зэрэг аюулгүй байдлын шаардлага хангаагүй хэрэгслийг ашиглан усанд орох нь ослын бас нэгэн гол шалтгаан болж байгаа юм. Эдгээр хэрэгсэл нь урсгал усанд тогтвортой байдлаа алдах, хөмрөх, хагарах эрсдэлтэй тул амь насанд аюул учруулж болзошгүйг албаныхан анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг гол, усны ойролцоо хараа хяналтгүй орхих нь усанд эндэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Хүүхэд хэдхэн хормын дотор усанд унах, урсгалд автах аюултай байдаг учраас эцэг эх, асран хамгаалагчид байнгын хараа хяналт тавьж, ганцааранг нь усанд оруулахгүй байх шаардлагатайг онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.

Иймд иргэдийг зөвхөн зориулалтын, аюулгүй бүсэд усанд орох, аврах хантааз зэрэг хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх, мөн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг уриаллаа. Зуны амралт, аялал зугаалгын үеэр иргэн бүр хувийн аюулгүй байдлаа хангаж, сэрэмжтэй байх нь усны ослоос урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг мэргэжлийн байгууллага онцолж байна. Усны осол нь нэгэнт гарсан тохиолдолд хүний амь насанд нөхөж баршгүй хохирол учруулдаг тул иргэд хариуцлагатай байж, аюулгүй байдлын дүрэм, зөвлөмжийг чанд мөрдөх шаардлагатай юм.