Албани улсад  далайн эрэгт аялал жуулчлалын газар байгуулахыг эсэргүүцсэн жагсаал сар гаруй үргэлжилж байна

Албани улсын нийслэл Тирана хотод АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнерийн хөрөнгө оруулалттай тансаг зэрэглэлийн амралтын газар байгуулах төсөл хэрэгжих гэж байгаа юм. Харин уг төслийг эсэргүүцсэн албанийн иргэдийн тэмцэл эцэстээ засгийн газрын эсрэг өргөн хүрээний жагсаал болон хувирчээ. 

Өнгөрсөн 5-р сарын сүүлээр албанийн иргэд байгаль орчноо хамгаалах зорилгоор "Фламингогийн хувьсгал" хэмээх тайван жагсаал зохион байгуулсан ч өдгөө уг арга хэмжээ нь өргөн хүрээг хамарч, хууль хяналтынхан болон иргэдийн хоорондох цуст мөргөлдөөн болон өргөжиж байна. 

Пүрэв гарагт тус улсын нийслэл хот дахь парламентын ордны гадна цугларсан олон мянган жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, цацлага болон өндөр даралтын усан буу ашиглан нь нөхцөл байдлыг улам бүр тогтворгүй болгожээ. Уг маргааны гол цөм нь албанийн өмнөд эргийн Влёра орчмын улсын тусгай хамгаалалттай эко бүсэд 1.6 тэрбум ам.долларын өртөгтэй аялал жуулчлалын цогцолбор барих засгийн газрын шийдвэр гэж өрнөдийн хэвлэлээр мэдээлж байна. Жагсагчид болон байгаль орчныг хамгаалагчид уг төсөл нь ховордсон Фламинго шувууд, далайн яст мэлхийн амьдрах орчныг бүрмөсөн сүйтгэнэ гэж үзэж байгаа төдийгүй эрх баригчдаа "Эх орны газар нутгийг харийнханд худалдаж байна" гэж буруутгажээ.

Мөн энэхүү эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлэхийн хэрээр албанийн иргэдийн шаардлага зөвхөн байгаль орчноос хальж, улс оронд нь нүүрлэсэн авилгал, баялгийн тэгш бус хуваарилалт болон улс төрийн тогтолцооны шинэчлэлийг шаардсан тэмцэл болон хувирч байна. Албанийн ерөнхий сайд Эди Рама уг төслийг засгийн газартай шууд холбоогүй, хувийн хөрөнгө оруулалт гэж өмгөөлөн, жагсагчдын зарим төлөөлөлтэй уулзаж байгаль орчны асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.