Бээжин дэх өндөр барилгыг жижиг оврын онгоцоор мөргөсөн хэрэг нь террорист халдлага биш гэж БНХАУ-ын албаныхан дүгнэжээ

Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотын хамгийн өндөр барилгыг жижиг оврын онгоцоор мөргөсөн хэрэг гарсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Тэгвэл өчигдөр буюу пүрэв гарагт хятад улсын холбогдох албаныхан уг осол нь нисгэгчийн "хувийн шалтгаан" буюу амиа хорлох үйлдэлтэй холбоотой бөгөөд үүнийг террорист халдлага биш гэж мэдэгджээ. 

Өнгөрсөн долоо хоногт хүмүүсийн ажил тарах ид ачааллын үеэр уг осол гарсан нь дэлхийн хамгийн чанд хамгаалалттай нийслэл хотуудын нэгд тооцогддог Бээжингийн агаарын орон зайн аюулгүй байдалд томоохон  асуултын тэмдэг бий болгоод байсан юм. Тэгвэл Хятад улсын иргэний нисэхийн газар болон цагдаагийн байгууллага хамтран долоо хоногийн хугацаанд мөрдөн байцаалт явуулсны эцэст албан ёсны дүгнэлтээ танилцуулжээ. 

Мөрдөн байцаалтын явцад осол гаргасан "аврора" хэмээх загварын хөнгөн спорт онгоцыг 66 настай, Бээжингийн уугуул иргэн жолоодож явсан бөгөөд тэрээр барилгыг мөргөх үедээ амиа алдсан байна. Гэрээс нь олдсон түүний өдрийн тэмдэглэл болон эмнэлгийн өвчний түүхийг үндэслэн цагдаагийн байгууллагаас онгоц жолоодож явсан иргэнийг олон жилийн турш сэтгэл түгших болон нойргүйдэх эмгэгээр шаналж байсан, улмаар амьдралаа дуусгахаар урьдаас төлөвлөж дээрх үйлдлийг хийсэн гэж дүгнэжээ.

Энэ явдлын дараа Хятадын засгийн газар сошиал медиа дахь ослын зураг, бичлэгүүдийг устгах зэргээр мэдээллийг цензурдэж байсан нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байсан юм. Харин өнөөдрийн байдлаар Хятад улс даяар бүх төрлийн хөнгөн спорт онгоцны сургалт, хувийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоож, нислэгийн сургуулиудад аюулгүй байдлын гэнэтийн шалгалт оруулж эхэлсэн байна.